Улс орноосоо хамгийн их мөнгө завшсан 10 улстөрч

Авлига, хээл хахуульд идэгдсэн, төрийн хөрөнгө мөнгөнөөс ханаж цадахаа мэдэхгүй шамшигдуулсан эрх мэдэлтнүүд дэлхийн хаа сайгүй, хүн төрөлхтний түүхийн бүхий л цаг үед байсан. Харин доорх 10 удирдагч улс орон, ард түмнээсээ завшсан бүхэн нь нэгэнт илчлэгдсэнээрээ одоогоор орчин цагийн хамгийн “том” төрийн хулгайчдаар нэрлэгдэж байна.

  1. 10Арнольдо Алеман – Никарагуагийн Ерөнхийлөгч (1997-2002)

    Никарагуагийн 81 дэх төрийн тэргүүнээр ажиллах хугацаандаа төрийн өмчит сангуудаас нийт 100 сая ам.доллар шамшигдуулсан Алеманыг 2003 онд авлигын хэрэгт сэжиглэн баривчилж, холбоо сүлбээтэй компаниудыг нь шалгатал Панам, АНУ-ын банкуудад их хэмжээний хөрөнгө мөнгө нуусан нь илэрчээ. Тэрээр мөн ойр тойрны хүмүүсийнхээ нэр дээр хэд хэдэн үл хөдлөх хөрөнгө, хадгаламжийн данс шилжүүлсэн байж. Түүнийг гэр бүлийнх нь гишүүд болон хамт ажиллаж байсан сайд нарынх нь хамт мөнгө угаасан, өмч хөрөнгөө нуун дарагдуулсан, олон нийтийн сангуудын санхүүжилтээс завшсан зэрэг хэргээр шүүн 20 жил хорих ял оноосон байна. Гэвч түүнийг 2009 оны нэгдүгээр сард гэнэтхэн сулласан нь Никарагуагийн иргэдийг одоо ч бухимдуулдаг гэнэ. Олон нийтийн таамаглаж буйгаар түүнийг одоогийн Ерөнхийлөгч Даниэль Ортегатай эрх мэдэл хуваалцах зөвшилцлийн хүрээнд эрх чөлөөтэй болгосон бололтой.

    Харин экс Ерөнхийлөгчийн шамшигдуулсан их хэмжээний мөнгөнөөс ердөө 2.7 сая нь л Никарагуагийн төрд буцаж иржээ. Энэ мөнгийг АНУ-ын Засгийн газрын шийдвэрээр 2004 онд тус улсын талд хүлээлгэн өгсөн байна.

  2. 9Павло Лазаренко – Украины Ерөнхий Сайд (1996-1997)

    Ганцхан жил засгийн эрх барихдаа 200 сая гаруй ам.доллар халаасалсан Лазаренко НҮБ-аас гаргасан тайлан мэдээнд дурдсанаар улсынхаа сан хөмрөгөөс өдөр бүр багаар бодоход хагас сая ам.доллар завшиж байж. Тэрээр энэ их мөнгөө хэд хэдэн сангийн нэрээр халхавчлан Польш, Швейцарь, бүр Антигуа дахь банкуудаар дамжуулсны дээр АНУ-д хуурамч компани байгуулан, нэр дээр нь үл хөдлөх хөрөнгүүд худалдан авсан байна. Швейцарийн албаныхан түүнийг 2008 онд баривчилсан ч тэрээр гурван сая ам.долларын барьцаа төлөн суллагдсан байдаг. Гэхдээ Швейцарийн тал түүний халдашгүй эрхийг үл хэрэгссэн тул Лазаренко АНУ руу зугтжээ. Украинчуудын аз болоход америкчууд ч түүнийг орогнуулахыг бодсонгүй, 2009 оны арванхоёрдугаар сард нийт 53 удаагийн гэмт үйлдэлд буруутган шийтгэж, найман жил хорих ял оноожээ.

    Гэвч Лазаренко ялаа бүрэн эдлээгүй бөгөөд 2012 оны арваннэгдүгээр сард Америкийн шоронгоос суллагдаж, одоо ч Нэгдсэн улсад толгой хоргодож байна. Харин энэ зуур Украины эрх баригчид түүний гувчуулсан асар их мөнгөний ердөө багахан хэсгийг Антигуа ба Барбуда, Лихтенштейн, Литви, Америк, Швейцарь зэрэг улсын банкуудаас эргүүлэн татжээ.

  3. 8Алберто Фүжимори – Перугийн Ерөнхийлөгч (1990-2000)

    Япон цагаачийн хүү Алберто Фүжимори тус улсын 45 дахь төрийн тэргүүнээр 10 жил ажиллахдаа зэвсэгт босогчдыг дарж, улс орноо эдийн засгийн хямралаас аварсан зэрэг олон сайн үйл хийсэн ч олон нийтийн сангуудаас нийт 600 сая ам.доллар завшжээ. Гурав дахь бүрэн эрхийн хугацааных нь үеэр буюу 2000 оны сүүлээр анх түүнтэй холбоотой авлигын хэрэг илчлэгдсэн бөгөөд Фүжимори ял шийтгэл хүлээхээсээ өмнө үүрэгт ажлаасаа огцрохыг завдсан ч Перугийн Конгресс түүнийг хуулийн дагуу бүрэн эрхээс нь түдгэлзүүлэхийг илүүд үзсэн байна. Фүжимори эрх мэдлээ алдсаныхаа дараа дөрвөн жил Японд орогносон боловч 2005 онд Чили хүрэх замдаа баригдан, буцаад Перуд хүргэгдсэн байдаг. Түүнийг авлига, хээл хахуулийн хэргээс гадна сөрөг хүчнийхэн болон босогч, тэмцэгчдийг хорооход оролцсон зэрэг хэргээр нийт 25 жил хорих ялаар шийтгэжээ. Тэрээр бүх хэргээ хүлээсэн бөгөөд зөвхөн Тагнуулын төв газрын даргадаа гэхэд л 15 сая ам.доллар өгсөн нь ихээхэн дуулиан дэгдээсэн юм. 

    Түүний завшсан хэдэн зуун сая ам.долларыг Перугийн төр засаг одоогоор эргүүлж авч чадаагүй байна.

  4. 7Жан-Клод Дювалье – Гаитийн Ерөнхийлөгч (1971-1986)

    Завсаргүй 15 жил “хаанчлах” хугацаандаа ядуу буурай арал улсаасаа бараг 800 сая ам.доллар хулгайлсан Жан-Клод Дювалье орчин цагийн хамгийн аймшигтай дарангуйлагчдын нэг юм. Тэрээр өөрийн эцэг, өөрийгөө Насан туршийн Ерөнхийлөгчөөр өргөмжилсөн Франсуа Дювальегийн орыг авахдаа 19-хөн настай байв. Хүү Дювальегийн дэглэмийн үед Гаитийн доноруудын цусыг нэг пинт буюу хагас литрийг нь таван ам.доллараар худалдан авч, америкчуудад 35 ам.доллараар дамлахаас эхлээд хар тамхи, хүний бие эрхтний худалдаа хүртэл эрх баригчдын бизнес байлаа. Жан-Клод Дювалье 1985 онд өөрийгөө яг л эцгийнхээ адил Насан туршийн Ерөнхийлөгчөөр “сонгожээ”. Түүнийг бүх насаар нь төрийн тэргүүн байлгах эсэх бүх нийтийн санал асуулгад оролцогсдын 99.9 хувь нь Ерөнхийлөгчөө “дэмжсэн” гэдэг. Гэсэн ч санал асуулгын дүн гарсны дараа ард иргэдийн тэмцэл газар авч, дараа жил нь буюу 1986 онд Дювальег суудлаас нь түлхэн унагажээ. Тэрээр 25 жил Францад орогнож байгаад 2011 онд эх орондоо хөл тавихдаа авлига болон улсын хөрөнгө шамшигдуулсан хэргээр шүүгдсэн байна. Гэвч тэрээр зохих шийтгэлээ амсаагүй бөгөөд 2014 онд 63 насандаа өөд болжээ.

    Түүний нэр дээрх хэд хэдэн компани, нийтийн сангуудаас ердөө 6.5 сая ам.долларыг л эргүүлэн татаад байна.

  5. 6Слободан Милошевич – Серб/Югославын Ерөнхийлөгч (1989-2000)

    Югославын дайнд гүйцэтгэсэн үүрэг, оролцоогоороо олон улсад илүүтэй танигдсан Слободан Милошевич Косово, Хорват, Боснийн хэдэн мянган иргэний аминд хүрсэн үймээн самууныг өдөөгчөөс гадна улсын мөнгийг их хэмжээгээр шамшигдуулсан гэмт этгээд байв. Английн “The Guardian” сонины мэдээлснээр тэрээр ойролцоогоор 1.5 тэрбум ам.доллар хувьдаа завшсан бол Югославын Төв банк энэ дүнг бүр дөрвөн тэрбум хол давсан гэж үзжээ. Түүний ойр тойрны хүмүүс ч их хэмжээгээр мөнгө угаасан нь батлагдсан байдаг. Милошевичийн тойрон хүрээлэгчид Швейцарь, Грек, Франц, Герман, Итали, Ливан, Израиль, Орос, Хятад, Британи, Өмнөд Африкт хүртэл данстай байж.

    Орчин цагийн түүхэн дэх хамгийн авлигач, хамгийн их гэмт хэрэг үйлдсэн удирдагчдын нэг авч Милошевич зохих ёсоор шийтгүүлээгүй юм. Тэрээр хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдсэн хэмээн Олон улсын эрүүгийн шүүхээр шүүгдэж байхдаа буюу 2006 оны гуравдугаар сард зүрхний шигдээсээр өөд болжээ. Түүний хулгайлсан хөрөнгө мөнгө бүгд “зүсээ хувирган” ор мөргүй болоод байна.

  6. 5Зин Аль-Абидин Бен Али – Тунисын Ерөнхийлөгч (1987-2011)

    1987 оны арваннэгдүгээр сард Тунисын хоёр дахь Ерөнхийлөгч болсон Бен Али өмнөх төрийн тэргүүнээ тайван замаар түлхэн унагаж, олны дэмжлэг хүлээсэн төрийн эргэлтээр гарч ирсэн авч 23 жил завсаргүй улсаа удирдахдаа эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, төрийн данснаас гурван тэрбум ам.доллар шамшигдуулсан тул энэ жагсаалтын тавдугаарт бичигдэж байна. Түүний засаглалын үед Тунисын ДНБ-ий хэмжээ таван хувь өссөн гэх боловч ажилгүйдэл нэмэгдэж баян, ядуугийн ялгаа газар аван, ард иргэдийн эрх, эрх чөлөөнд халдах нь хэрээс хэтэрчээ. Энэ нь нийгмийн олон сөрөг үзэгдэл гарахад нөлөөлсөн байдаг. 2010 оны арванхоёрдугаар сард 26 настай нэгэн залуу цагдаагийн дарамт шахалтаас болж өөрийгөө шатаасан нь улс орныг хамарсан эсэргүүцлийн хөдөлгөөн дэгдэхэд, цаашлаад Арабын хавар гэгдсэн шил шилээ дарсан хувьсгалууд болоход хүргэжээ. Чухам уг бослогоос болж Бен Али Саудын Араб руу зугтсан бөгөөд одоо ч тэндээ орогнож байна.

    Тунисын шинэ эрх баригчид түүний болон тойрон хүрээлэгч 110-аад хүнийх нь орхиж явсан өмч хөрөнгийг хураан авч бүртгэл явуулахад 550 үл хөдлөх хөрөнгө, 48 хөлөг онгоц, банкны 367 данс, 40-өөд хувьцаа, 400 гаруй аж ахуйн нэгж илэрчээ. Бен Али болон түүний эхнэрийг 35 жил хорих ялаар шийтгэсэн ч тэд ялаа биеэр үүрэхгүй нь тодорхой юм. Түүний эхнэр Лейла Трабелсийг улсынхаа алтны нөөцөөс нийт 50 сая ам.доллараар үнэлэгдэх алт аван зугтсан гэж үзэж байгаа аж. Бен Алийнхны шамшигдуулсан их мөнгөнөөс одоогоор 68.8 сая ам.долларыг л Тунисын төрийн мэдэлд шилжүүлээд байна.

  7. 4Сани Абача – Нигериягийн Ерөнхийлөгч (1993-1998)

    Олон арван жил цэргийн дэглэмтэй байсан тус улсын долоо дахь цэргийн удирдагч Сани Абачи мөн л Бен Алигийн адил ард түмний дэмжлэг, армийнхны хүчин чармайлтаар төрийн эргэлтээр гарч ирсэн удирдагч юм. Гэвч тэрээр олны итгэлийг даасангүй, тавхан жил төрийн эрх барихдаа 3-5 тэрбум ам.доллар хувьдаа завшжээ. Африкийн хамгийн их хүнтэй улс орноо ардчилсан засаглалтай болгоно гэж амласан ч тэрээр өмнөх цэргийн дарангуйлагчид шигээ харгис хатуу дэглэм тогтоосон байна. Түүнийг төрийн тэргүүн байх үед Нигериягийн Ерөнхийлөгчийн ордныг 2000 гаруй цэрэг хамгаалах болж, хэвлэл мэдээлэл, шүүх засаглал бүгд түүний мэдэлд шилжжээ. Харин тус улсын ард иргэдийн аз болоход Абача засгийн эрх барьж байхдаа 1998 оны зургадугаар сард зүрхний шигдээсээр өөд болжээ. 

    Энэ жагсаалт дахь бусад дарангуйлагчийг бодвол түүний завшсан хөрөнгө мөнгийг амжилттай буцаан татсан бөгөөд Швейцарь, Америкийн банкуудаас нийт 2.5 тэрбум ам.доллар шинэ Нигериягийн төрийн мэдэлд шилжээд байна.

  8. 3Мобуту Сесе Секо – Заирын (Өнөөгийн БНАКонго Улс) Ерөнхийлөгч (1965-1997)

    Ардчилсан замаар сонгогдсон Конгын анхны Ерөнхийлөгчийг цэргийн эргэлтээр түлхэн унагасан Мобуту үүнээсээ таван жилийн дараа дахин төрийн эргэлт хийж, улсын тэргүүн болжээ. Завсаргүй 32 жил төрийн тэргүүн байхдаа 5-10 тэрбум ам.доллар шамшигдуулсан түүнийг эдүгээ Африкийн орчин цагийн хамгийн их мөнгө завшсан дарангуйлагч гэж үздэг. Ард иргэд нь үгүйрч, өлбөрч байхад түүний хэрхэн тансаглаж, хэчнээн хэмжээний мөнгө үрэн таран хийж байсан нь одоо ч үлгэр домог шиг яригддаг. Зөвхөн төрсөн өдрийнхөө бялууг хийлгэх гэж Парисаас дэлхийн алдартай тогооч авчруулж байсан нь, 1974 онд таван сая ам.доллараар боксын хүнд жингийн ДАШТ зохион байгуулсан нь, хувьдаа “Конкорд” онгоц худалдан авсан нь гэвч бүгд үнэн байлаа.

    Тэрээр 1996 оны тавдугаар сард хүндээр өвдсөн байхдаа, өөрийнх нь засаглалыг эсэргүүцсэн ард иргэдийн бослого улс орон даяар газар авахад сая нэг суудлаа орхиж эхлээд Того руу, дараа нь Марокко руу зугтжээ. Мобуту дараа жил нь тэндээ хорт хавдраар өөд болсон байна. Түүний ард түмнээсээ хулгайлсан асар их мөнгөнөөс ердөө долоон сая нь л Швейцарийн банкнаас илэрсэн бөгөөд түүнийг нь олон хөвгүүдийнх нь нэг өөртөө шилжүүлж дөнгөжээ.

  9. 2Фердинанд Маркос – Филиппиний Ерөнхийлөгч (1965-1986)

    Маркосынхны улс орон, ард түмнээсээ завшсан хөрөнгө мөнгөний хэмжээ өнөө ч тодорхойгүй. Зарим нь түүнийг таван тэрбум ам.доллар гувчуулсан гэж үздэг бол зарим нь энэ тоог бүр 20 тэрбум давсан гэж тооцдог. Фердинанд Маркос томхон үл хөдлөх хөрөнгө наймаалцах, төрийн өмчит компаниудад нэр нөлөөгөө бэхжүүлэх, өөрийн тойрон хүрээлэгчдэд улсаас зээл олгох, улсын нөөцөд шууд халдах, олон нийтийн сангуудын санхүүжилтийг элдэв нэрээр халхавчлан гэр бүлийнхэндээ шилжүүлэх, гадаадын хөрөнгө оруулалт, олон улсын тусламжаас гувчуулах зэрэг замаар өөртөө их хэмжээний хөрөнгө хуримтлуулжээ. Түүнийг эрх мэдлээ алдаж, хилийн чанад руу зугтсаны дараа Манила дахь Малакананг харш нь Маркосынхны бүх л гэмт үйлдэл, хязгааргүй шуналын баталгаа болсон байдаг. Зөвхөн Тэргүүн хатагтай Имельда Маркосын л гэхэд мянга гаруй гутал, 900-гаад гар цүнх, 70 нарны шил, 65 гоёмсог шүхэр уг харшаас олдсон байна.

    Филиппиний Засгийн газраас Маркосынхны завшсан мөнгийг буцаан татах тусгай хороо байгуулсан бөгөөд тус хороо одоогоор 3.6 тэрбум ам.доллараар үнэлэгдэх хөрөнгийг, түүний дотор Швейцарийн талаас шилжүүлсэн 688 сая ам.долларыг улсын дансанд төвлөрүүлжээ.

  10. 1Мохамед Сухарто – Индонезийн Ерөнхийлөгч (1967-1998)

    Индонез улсыг 31 жил удирдсан Сухарто 15-35 тэрбум ам.доллар хувьдаа завшсанаараа энэ жагсаалтыг тэргүүлж байна. Улс орноосоо ийм хэмжээний хөрөнгө мөнгө хулуулж, үрэн таран хийсэн удирдагчид гэвэл түүнээс өөр зөвхөн хэмжээгүй эрхт хаад хатад л байх. Эдийн засгаа өсгөсөн, коммунизмын эсрэг бат зогссон, баруунтай харилцаагаа сайжруулсан хэмээн түүнийг дэмжих хүмүүс бий ч Сухартогийн улсын нэртэй долоон сангаас нийт 550 сая ам.доллар завшсан нь, шүүгчдээс бараг хоёр тэрбумын авлига авсан нь, гэр бүлийнхээ нэр дээр 500 саяын хөрөнгөтэй нь удаа дараагийн шалгалтаар илэрчээ. Индонезийн эрх баригчид энэ мэт гувчуулсан их хэмжээний мөнгөнөөс нь ердөө 300 сая ам.долларыг л төрийн дансанд эргүүлэн татаад байна.

    Тэрээр ял шийтгэлээ хүлээгээгүй бөгөөд 2007 онд нас барсан юм.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

mnbvc - 193.80.236.72019-05-22 20:22:56

elbegdorj enend bagtana

иргэн - 203.91.118.1802019-05-22 19:17:59

Энэ худлаа мэдээлэл байна. Манай хэд байхгүй байна шүүдээ. Шүүхдэж үнэн шударгаар нь жагсаалтыг гаргахын төлөө тэмцэх хэргтээ. Тэгвэл Энэ жагсаалтын 50% дээшийг нь манай агуу удирдагч нар авах байх.

Иргэн - 203.91.118.1802019-05-22 19:13:45

Энэ бол үе үеийн улс төрчдийн захилагтай зүйл байна. Үүнийг уншаад бид ер нь ийм л байдаг юм байна шүүдээ сүртэй юм гэж хэлэх байх гэж бичсэн байх эсвэл энэ жагсаалтыг удахгүй манай хэд эхний байруудыг эзлэх байх гэж бичсэн байхдаа

Od - 182.160.38.1112019-05-22 17:28:29

Tatynagiin bichseniig unshaad hoshin shog uzsen met bolj stresee taivaa. Ha ha ha hi hi hi. Goe bichsen bn shuu!

иргэн - 202.179.26.652019-05-22 16:09:05

BAGABANDI ALGUU HO

ТАТЬЯНА - 202.179.25.1012019-05-22 15:52:15

харин манаи улстөрчид эх орноосоо юу ч идэж уугаагүи шүү бага гарууд л бага сага идсэн нь баригдсан манаи томчууд улсынхаа төлөө л зүтгэдэг ард түмниихээ сан хөмрөгөөс хэрхэвч идэж уудаггүи ,тэднииг уугаасаи идээсэи идсэн л баиж таараа уусан л баиж таараа гэж гүтгэдэг боловч даанч юм баихгүи дээ тэрнээс энэ шудрага хууль шүүхиихэн дор нь илрүүлээд л залхаах баисан м . даанч хаир хүрэм эх оронч шудрага томчууд маань ямар ч ногүи дээ ,харин энхбаярыг л жоохон гүжирдээд хилс хэрэгт за шалихгүи дээ 1, жил хиртэи эмнэлэг хавиар хорьсон нь алдаа баисан юм, энэ муусаин балиар ард иргэдээ идээч шулаач гадаадын балиар празитууд манаи шудрага төриин дээдчүүлээс үлгэр аваасаи даа яаж улс орон нь хөгжихөв дээ лалрууд

ZOCHIN - 66.181.161.442019-05-22 15:13:48

Монголоос олон улс төрч бичигдэнэ дэ. Элбэгдорж,Баяр, Баярцогт, С.Эрдэнэ,М.Энхболд, Сү. Батболд гэх мэт

зочин - 203.217.139.2252019-05-22 15:09:39

манай элбэгдорж байх ёстой доо

зочин - 203.217.139.2252019-05-22 15:09:39

манай элбэгдорж байх ёстой доо

зочин - 203.217.139.2252019-05-22 15:09:39

манай элбэгдорж байх ёстой доо

зочин - 203.217.139.2252019-05-22 15:09:39

манай элбэгдорж байх ёстой доо

зочин - 203.217.139.2252019-05-22 15:09:39

манай элбэгдорж байх ёстой доо

zochin - 202.179.26.652019-05-22 12:54:43

manai uls torchid ene humuusees iluu ih zavshsan shuu dee