"Аж ахуйн нэгжүүд экспортод гаргах махныхаа 10 хувийг дотооддоо нийлүүлэх үүрэг хүлээнэ"

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хүн амын хүнсний бүтээгдэхүүний хангамж, үнийн түвшнийг тогтвортой байлгах асуудлыг хэлэлцжээ. Энэ асуудлаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан мэдээлэл хийлээ. Тэрээр “Дөрвөн нэр төрлийн хүнсний асуудлыг нэлээд дэлгэрэнгүй ярилцлаа. Махны үнийн огцом өсөлт ард иргэдийг бухимдуулсан. Үүнд юу нөлөөлснийг судалж ажилласан. Улмаар Засгийн газраас тодорхой зохицуулалтыг хийхээр боллоо. Засгийн газар нөөцөлсөн махныхаа 49 хувийг зах зээлд нийлүүлсэн. Нөөцийн махны үнэ зах зээлийн үнээс 15-40 орчим хувиар хямд байгаа. Дулааны аргаар мах бэлтгэн экспортод гаргадаг аж ахуйн нэгжүүд махаа “Хүчит шонхор” захаас бөөнөөр нь авдаг юм байна. Нийслэлчүүдийн хэрэгцээнд орж ирсэн махыг ингэж бөөнөөр нь авч байгаа нь зах зээлийн тэнцвэртэй байдлыг алдагдуулахад нөлөөлж байсан байна. Энэ байдлыг цаашид таслан зогсоохоор боллоо. Дулааны аргаар мах боловсруулах үйлдвэрүүд маань эрүүл ахуйн шаардлага хангасан итгэмжлэгдсэн мах боловсруулах үйлдвэрүүдээс махаа авах үүрэгтэй. БНХАУ-тай байгуулсан гэрээнд ийм заалт бий. Цаашид дулааны аргаар боловсруулсан махны экспортод квот тогтооно. Ингэхдээ мал сүргийн өсөлт, дотоодын махны хангамж зэргээс шалтгаалан ямар хэмжээний махыг дулааны аргаар боловсруулж экспортод гаргахаа жил бүр шийдэж байх болно.


Мөн хонь, ямааны мах ямар нэгэн хяналтгүйгээр экспортод гарч байсан. Тиймээс цаашид эрүүл ахуйн шаардлагыг өндөрсгөхийн зэрэгцээ квоттой болгоно. Ер нь мах экспортод гаргаж байгаа аж ахуйн нэгж дотоодын зах зээлдээ тодорхой хэмжээний мах нийлүүлэх үүрэг хүлээдэг болно. Тодруулбал, экспортод гаргах махныхаа 10 хувьтай тэнцэх хэмжээний махыг дотоодын зах зээлд нийлүүлнэ. Үүний дагуу дүрэм журамдаа өөрчлөлт оруулна. Үүнээс гадна нөөцийн махныхаа хэмжээг нэмэгдүүлж ирэх онд хамгийн багадаа 15 мянган тонн мах нөөцөлнө.


Гурилын асуудлыг мөн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцлээ. Одоогийн байдлаар гурилын үйлдвэрүүдэд нийтдээ 100 гаруй мянган тонн гурил үйлдвэрлэх түүхий эд хадгалагдаж байна. Шинэ ургацтай залгах хүртэл гурилынхаа хэрэгцээг дотоодоосоо бүрэн хангах боломжтой гэж үзсэн. Үнэ ханшийн хувьд ч тогтвортой  байхаар байна. Дээд гурилын үнэ өнгөрсөн онтой харьцуулахад 28 төгрөгөөр нэмэгдсэн, нэгдүгээр гурилын үнэ буурсан байдалтай байна.


Төмс, хүнсний ногооны хэрэглээтэй холбоотой асуудлыг ч хэлэлцсэн. Өнгөрсөн онд төмснийхөө хэрэглээг 100 хувь, хүнсний ногооныхоо хэрэглээг 47 хувь хангах хэмжээний ургац авсан. Хүнсний ногооны хангамж, үнэ тогтвортой байхаар байна” гэлээ.

Сэтгэгдэл бичих