ЧУУЛГАН: Төрийн өндөр албан тушаалтны цалингийн асуудлыг хэлэлцэв

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.05.16/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд “Зарим албан тушаалтны цалингийн хэмжээ тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, 63 хувийн саналаар дэмжлээ. Ийнхүү тогтоолын төслийг эцсийг хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлэв.

Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.9 дэх хэсгийг үндэслэн Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэлд хамаарах албан тушаалтны цалингийн хэмжээ тогтоох итгэлцүүрийг хэвээр мөрдөхөөр УИХ-ын тогтоолын төслийг боловсруулжээ. Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.10 дахь хэсэгт заасныг үндэслэн албан тушаалын цалингийн хэмжээ тогтоох итгэлцүүрт Үндсэн хуулийн цэцийн дарга, гишүүн, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгч, Улсын ерөнхий прокурор, түүний орлогчийг хамааруулахгүй байхаар төсөлд тусгасан байна. Түүнчлэн Авлигатай тэмцэх газар, Аудитын газрын удирдах ба гүйцэтгэх албан тушаалын цалингийн хэмжээ, сүлжээг салбарын хуулиудаар нь зохицуулж, энэ дагуу УИХ-аас эдгээр албан тушаалын цалингийн хэмжээг нь тусгайлан тогтоож байгаа учир энэ тогтоолд хамааруулахгүй байхаар боловсруулсан аж.

Чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлын дараалал:

-Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

-Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон Засгийн газрын өрийн удирдлагын 2016-2018 оны стратегийн баримт бичгийн хэрэгжилтийн тайлан, “Засгийн газрын өрийн удирдлагын 2019-2022 оны стратегийн баримт бичиг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

-Зөвшөөрлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 22 гишүүн өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

-Зөвшөөрлийн тухай, зөвшөөрлийн жагсаалт батлах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

-Автотээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

-Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх Хүний эрхийн Үндэсний Комиссын 18 дахь илтгэл;

-Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг/.

Сэтгэгдэл бичих