Дархан-Улаанбаатар чиглэлийн автозамын ажил энэ сарын 25-нд эхэлнэ

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2019.05.15/ хуралдаанаар Засгийн газраас 2019.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж, 63.6 хувийн саналаар дэмжлээ. Мөн эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Я.Содбаатар ахлахаар тогтсон юм.

Хэлэлцүүлгийн үеэр “Дархан-Улаанбаатар чиглэлийн болон Налайхын автозам хугацаандаа ашиглалтад орох уу” хэмээн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар асуув.

Үүнд ЗТХ-ийн дэд сайд Л.Халтар “Налайхын замын ажил эхэлчихсэн явж байгаа. 2019.05.13-ны өдөр Налайхын 20.9 км замыг бүхэлд нь хаасан. Төлөвлөгөө ёсоор арваннэгдүгээр сарын 20-нд Налайхын замын хөдөлгөөнийг бүрэн нээнэ гэдгийг хариуцлагатай мэдэгдье” гэлээ.

Мөн дэд сайд “Дарханы замын хувьд ажил энэ сарын 25-нд эхэлнэ. Бид тендерийнхээ материалыг Азийн хөгжлийн банк руу явуулчихсан байгаа. Түр зам барихаас замын ажил эхэлнэ гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье” гэж хариулж байлаа.

Сэтгэгдэл бичих