У.Хүрэлсүх: Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төслийг эрчимжүүлнэ

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 5-р сарын 13-наас 14-нд Ховд аймагт ажиллалаа. Засгийн газрын тэргүүн Ховд аймаг дахь албан томилолтоо БОЭТ-өөс эхэлсэн. Тэрээр эхлээд Бүсийн оношилгоо эмчилгээний төвөөр орж ажил байдалтай нь танилцсан юм. Ховд, Баян-Өлгий, Увс гээд баруун аймгуудын иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг тус төв хамгийн сүүлийн үеийн 102 нэр төрлийн тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон байна. Гагцхүү барилга байгууламжийн тухайд их засвар, өргөтгөл шинэчлэлийн ажил зайлшгүй хийх шаардлагатай болсон талаар эмнэлгийн удирдлагууд ярьж байлаа. Ерөнхий сайд У.Хүрэлсүх БОЭТ-ийн үйл ажиллагаатай танилцсаныхаа дараа 50 ортой “Хүүхдийн эмнэлэг”-ийн шав тавих ёслолд оролцлоо. Тус эмнэлэг баригдсанаар орон нутгийн хүүхэд багачуудад үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмж эрс сайжирна гэж үзэж байгаа юм. Нийт 5,1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригдах тус эмнэлгийг хугацаанд нь чанартай барьж, 2020 он гэхэд ашиглалтад хүлээлгэн өгөхийг гүйцэтгэгч компанийханд үүрэг болгосон юм.

image

ХОВДОД БАРУУН БҮСИЙН ХЭРЭГЦЭЭГ БҮРЭН ХАНГАХ ЦЕМЕНТИЙН ҮЙЛДВЭР БАРИГДАНА

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхээр ахлуулсан ажлын хэсэг үргэлжлүүлэн Буянт сумын Шохойтын бэл хэмээх газар баригдах “Цементийн үйлдвэр”-ийн шав тавих ёслолд оролцлоо. Хэдийгээр манай улс төвийн болон зүүн бүсэд жилдээ 4 сая тн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрүүдтэй болсон ч алслагдсан баруун бүсэд тээврийн өртөг зардал өндрөөс шалтгаалан хотод 1 тн нь 160,000 төгрөгийн үнэтэй байгаа цемент Ховдод 320,000-350,000 төгрөгийн үнэтэй болж очдог байна. Харин энэ байдлыг шийдвэрлэхэд Ховд аймагт баригдах Ховд эко цементийн үйлдвэр чухал ач холбогдолтой юм байна. Шав тавих ёслолын үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлсэн үгэндээ “Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт “Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангасан хот, суурин газрыг төлөвлөж, байгаль орчин, хүний эрүүл мэндийн шаардлагад нийцсэн барилгын үйлдвэрлэлийг дэмжиж, аюулгүй, хүртээмжтэй орон сууцаар хангах төрийн бодлогыг боловсруулан хэрэгжүүлнэ” хэмээн тусгасан” болохыг онцлон дурдсан. Тиймээс баруун аймгуудад барилгын материалын үйлдвэрлэлийг хөгжүүлэх, барилга орон сууцны үнэ өртгийг бууруулахад Ховд аймагт шинээр баригдах цементийн үйлдвэр шийдвэрлэх чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт эргэлзэхгүй байна гэдгээ илэрхийлсэн юм. Засгийн газрын тэргүүн аймгийн төвүүдийг хот болгон хөгжүүлж байж төвлөрлийг сааруулж, ая тухтай амьдралыг цогцлоож чадна. Түүний тулд орчин үеийн орон сууц, барилга байгууламжийг олноор барьж байгуулах шаардлага тулгарч байна гэсэн юм. Харин үүнийг хийхэд нэн түрүүнд барилгын гол орц болсон хямд үнэтэй, чанартай цемент ус агаар шиг чухал байгаа талаар баруун бүсийн иргэд олон жил ярьж, санал хүсэлт тавьж ирсэн гэдгийг тодотголоо. Ийнхүү эх орныхоо хязгаар нутагт эзэн болон амьдарч буй иргэдийнхээ сайн сайхан амьдрал, ирээдүйн хөгжил дэвшлийн тусын тулд Засгийн газар онцгой анхаарал хандуулж байгаад Ховдын төдийгүй баруун аймгийн иргэд туйлын баяртай байна. Тэд бүсчилсэн хөгжлийн бодлого цаасан дээр бүдгэрч үлддэг урьдын алдааг давтахгүй байх, үйлдвэржилтийн бодлогыг эрчимтэй хэрэгжүүлэхэд энэ бүтээн байгуулалт үлгэр жишээ болно гэсэн Ерөнхий сайдын үгийг алга ташин хүлээн авлаа. Ховд аймагт баригдах энэ цементийн үйлдвэр ашиглалтад орсноор орон сууцны үнэ 30-40 хувиар хямдрах бодит боломж бүрдэх юм. Энэ үйлдвэр Ховд аймагт байгуулагдаж байгаа нь газар нутаг, байршлын давуу талаас гадна авто зам, эрчим хүч гээд дэд бүтцийн боломж, түүхий эдийн нөөцөд тулгуурлаж байгаа гэдгийг албаны хүмүүс онцолж байна. Энэ үйлдвэр баригдсанаар тонн нь 350 мянган төгрөгийн үнэтэй байгаа цементийн үнэ 2 дахин буурч, баруун аймгууд зөвхөн тээвэрлэлтийн зардлаас гэхэд жилдээ 43 тэрбум төгрөг хэмнэх тооцоо ч гарсан байна. Мөн ирэх онд ажил нь эхлэх Эрдэнэбүрэнгийн Усан цахилгаан станцын бүтээн байгуулалтад шаардлагатай гол бүтээгдэхүүн болох цементийг дэргэдээс нь, дотоодоосоо хангах том боломж нээгдэж байгаа юм. Түүнчлэн цементийн үйлдвэр дагасан 250-350 ажлын байр орон нутагт шинээр бий болж, улсын төсөвт жилд 5-6 тэрбум төгрөгийн татвар төлөх юм байна. Юутай ч олон жил яригдаж, олон Засгийн газар дамжин шийдвэрлэгдэлгүй өдийг хүрсэн энэ том төслийг У.Хүрэлсүхийн Засгийн газар ийнхүү хөдөлгөлөө.

image

ЭРДЭНЭБҮРЭНГИЙН УСАН ЦАХИЛГААН СТАНЦ ЭРЧИМ ХҮЧНИЙ “ТУСГААР ТОГТНОЛ”-ЫГ ХАНГАНА

Ерөнхий сайд Ховд аймагт ажиллах үеэрээ Эрдэнэбүрэн сумын Шижигтийн хавцал хэмээх газар очсон. Энд“Эрдэнэбүрэнгийн УЦС”-ыг барьж байгуулах юм. Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрөгч онд УЦС баригдах энэ газар дээр очиж танилцсаныхаа дараа Засгийн газрын 161 дүгээр тогтоолоор Хятадын хөнгөлөлттэй зээлд оруулах тогтоол гаргасан. Энэ дагуу яг одоо Эрдэнэбүрэнгийн УЦС-ын ТЭЗҮ-г шинэчлэн боловсруулах ажил ид хийгдэж байгаа юм. Ирэх оны дөрөвдүгээр сар гэхэд газар шорооны ажлыг эхлүүлэх зорилго тавиад байгаа талаар холбогдох албаны хүмүүс Ерөнхий сайдад танилцууллаа. Өнөөдрийн байдлаар Ховд, Увс, Баян-Өлгий гэсэн баруун гурван аймаг ОХУ-аас эрчим хүчний хувьд 80 орчим хувийн хамааралтай байгаа юм. Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг барих шинэчилсэн ТЭЗҮ-гээр 90-100 МВТ хүчин чадалтай станц баригдана. Энэ нь Монгол улсыг эрчим хүчний импортын хараат байдлаас ангижрах, 2023 он гэхэд эрчим хүчий хувьд ”тусгаар тогтносон” улс болоход чухал үр нөлөөтэй гэдгийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх онцолж байлаа. Энэ станц баригдсанаар баруун таван аймагт үйлдвэрлэл хөгжих, ШИНЭ ХОВД-ыг бүтээн байгуулах өргөн боломж бүрдэнэ гэдгийг УИХ-ын гишүүн С.Бямбацогт хэлж байсан. Ерөнхий сайд У.Хүрэлсүх Ховд аймагт ажиллах үеэрээ иргэд хөдөлмөрчидтэй уулзаж, Малын гаралтай түүхий эдийн цэвэрлэх байгууламжийн ажилтай танилцсан юм. Ийнхүү өнгөрсөн нэг жилийн дотор хоёр ч удаа Ховд аймагт ирж, баруун бүсийн хөгжилд шийдвэрлэх үүрэгтэй томоохон бүтээн байгуулалтын төслүүдийг гараанаас нь хөдөлгөсөнд Засгийн газрын тэргүүнд Ховдчууд гүн талархал дэвшүүлж байна.

imageimageimage


Сэтгэгдэл бичих