Жагсагчид: Цэц хүчирхийлэгчийг хамгаалахгүй гэдэгт итгэж байна

Үндсэн хуулийн цэцийн байрны гадаа “Хүчирхийллийн эсрэг эмэгтэйчүүд” жагсаал болж байна. Тэд “Хүчирхийлэгч дахин УИХ-ын гишүүн болох эрхгүй”, “Хүүхэд, эмэгтэйчүүдээ хүчирхийллээс хамгаалъя”, “Цэц хүчирхийлэгчийг хамгаалахгүй гэдэгт итгэж байна” гэсэн бичигтэй лоозон барьжээ.

УИХ-ын гишүүн асан Д.Гантулга хүчингийн хэрэгт холбогдон улмаар өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзаж, сэнтийгээсээ буусан. Гэтэл Д.Гантулгыг гишүүнээс чөлөөлсөн нь хууль зөрчсөн гэж үзсэн иргэн Д.Ганхуяг Үндсэн хуулийн цэцэд хандсан бол МАХН-ын Эмэгтэйчүүдийн холбооныхны зүгээс эмэгтэй хүн хүчирхийлсэн Д.Гантулгыг МАН илт хамгаалж байна гэж үзэж байгаагаа илэрхийлж, “энэхүү бусармаг явдалтай эвлэрэхгүй” гэдгээ мэдэгдсэн юм.

Ирэх зургадугаар сард товлогдоод буй Хэнтийн 42-р тойргийн нөхөн сонгууль 2020 оны сонгуулийн өнгийг тодорхойлно гэдгийг дээр дооргүй мэдэж байгаа. Эрх баригчид энэ тойрогтоо ялагдал хүлээх нь тэдний хувьд маш том уналт болох учраас сонгуулийг явуулахгүй байх сонирхол байгаа тухай “бор шувуу” нисэх болсон. Товчхондоо, Хэнтийн сонгуулийг Үндсэн хуулийн цэцийн тусламжтайгаар цуцлах тактикийг ярьж байна. “Гэмт хэрэг үйлдсэн нь үйлдэл дээрээ нотлох баримтаар батлагдаагүй тохиолдолд УИХ-ын гишүүнийг түдгэлзүүлэх нь хууль бус” гэсэн заалтыг ашиглан төрийн гурван өндөрлөг тохироо хийж яваа бололтой.

Зарим улс төр судлаачдын тайлбарлаж байгаагаар УИХ-ын гишүүн өөрийн хүсэлтээр бүрэн эрхээсээ татгалзсан бол хууль зөрчсөн гэж үзэхгүй, уг асуудлыг Үндсэн хуулийн цэцээр хэлэлцэх шаардлагагүй гэж байгаа юм.

Ямартай ч өнөөдөр (2019.05.13) Үндсэн хуулийн цэцийг УИХ-ын гишүүн асан Д.Гантулгыг хамгаалахгүй гэсэн итгэлээ илэрхийлж иргэд энэхүү жагсаалыг зохион байгуулж байгаа юм байна.

Сэтгэгдэл бичих