Индонезид сонгуулийн хороодын 496 ажилтан ачааллаа даалгүй нас баржээ


Индонезид санал тоолж маш их ачаалалтай ажилласан сонгуулийн хороодын 2.5 мянган ажилтан ядаргаанд орж эмнэлэгт хүргэгдсэнээс 496 нь ихэвчлэн цус харван нас барсан тухай “Strait Times” сонин уламжилжээ. Нас барагсдын дийлэнх нь 50-70 насны хүмүүс байсан аж.  

Үүнтэй холбогдуулан тус улсын Эрүүл мэндийн яамны Ерөнхий нарийн бичгийн дарга Оскар Примади мэдэгдэл хийж, “Сонгуулийн хороодын гишүүд олноор нас барсан эмгэнэлтэй явдал тохиолоо. Санал тоолно гэдэг маш хүнд ажил тул эрүүл мэнд сайтай хүн л хийх боломжтой. Харамсалтай нь, олон цаг нойргүй ажилласны дараа хууч өвчтэй хүмүүс ачааллаа даалгүй ийн нас барлаа. Үүнд ямар нэг гадны нөлөө байхгүй гэдгийг цохон тэмдэглэе” гэжээ.

Индонезид өнгөрсөн сарын 21-нд тус улсын Ерөнхийлөгч, дэд Ерөнхийлөгч, Үндэсний парламент, мужуудын парламент, хот, дүүргүүдийн зөвлөлүүдийн гишүүдийг сонгох бүх түвшний сонгууль болжээ. Сонгогч бүр таван саналын хуудас бөглөн таван өөр хайрцганд хийсэн бөгөөд сонгуулийн ирц маш өндөр, 80 хувьд хүрсэн аж.

Б.Туг

Сэтгэгдэл бичих