Өнөөдөр - Агуу их ЯЛАЛТЫН БАЯР-ын өдөр

Өнөөдөр тавдугаар сарын 9. Мөн хүн төрөлхтөн хор уршгийг нь хэзээ ч үл мартах аймшигт дайны утаагаар дэлхийг нөмөрч, 71 сая хүний халуун амийг авч одсон Дэлхийн хоёрдугаар дайн Европын бүс нутагт дуусч фашист Герман шударга ёсны төлөө тэмцэгч олон улсын эв нэгдлийн хүчний өмнө үг дуугүй бууж өгсөн түүхт өдөр.

Тус дайны үеэр амь үрэгдэгсдийн олонх нь энгийн иргэд, хүүхэд, эмэгтэйчүүд байсан гэдэг. Дэлхийн II дайнд 61 улс орон, дэлхийн хүн амын 80 орчим хувь оролцож, 110 сая гаруй хүн цэргийн албанд татагдсан тоо баримт бий. Дайны нийт өртөг нь 1944 оны ханшаар триллион америк доллар болсон нь түүхэн дэх хамгийн өндөр өртөгтэй дайн гэж тооцогддог.

Хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн том энэхүү зэвсэгт мөргөлдөөний үеэр тэр үеийн ЗХУ-ын дайчид фашистын Герман болон тэдний холбоотнуудын 600 дивизийг бут ниргэжээ. ЗХУ-ыг эзлэн авахаар төлөвлөж байсан Адольф Гитлерийн армийн цахилгаан дайны төлөвлөгөө Москвагийн дэргэдэх тулалдааны үеэр нуран унасан. Зөвлөлтийн дайчид Сталинградаас Берлин хүртэл ялалт байгуулж явахдаа фашистуудад эзлэгдсэн Европ тивийн талыг чөлөөлжээ. Фашистын Герман үг дуугүй бууж өгөх актад тавдугаар сарын 8-нд төв Европын цагаар 22.43 минут буюу Москвагийн цагаар тавдугаар сарын 9-ний 00.43 цагт гарын үсэг зурсан юм.

НҮБ-ын шийдвэрээр дэлхийн II дайны дурсамж, эвлэрлийн өдөр болгон энэ өдөр Орос улсад хүн төрөлхтний түүхийн хамгийн аймшигт дайнаас эргэж ирээгүй төрөл төрөгсдөө гэр бүл, төрөл төрөгсөд нь дурсан санаж, Парист Францын төрийн тэргүүн нэр нь тодорхойгүй цэргийн булшинд цэцэг өргөн, цэргийн анги ёслон жагсдаг байна. Германд энэ л өдрийг нацизмаас чөлөөлөгдсөн өдөр гэж хүндэтгэн тэмдэглэдэг.

1945 оны тавдугаар сарын 9. Монголчуудын хувьд ч нэн чухал түүхэн тэмдэглэлт өдөр. Монголчууд бид ч энэ дайны хор уршгийг чамгүй амсаж, эрэлхэг хөвгүүд маань эх орноо хамгаалан тулалдаж явсан түүх хуучраагүй байна. Фашизмын эсрэг тэмцэлд амь насаа алдсан дэлхийн улс орнуудын эрэлхэг хүмүүс, тэдний дунд цусаа урсган, эрэлхэгээр тулалдаж, тэмцэж асан Монгол угсаатан олон зуун охид, хөвгүүдийн гэгээн дурсгалыг бүгд чимээгүй мэхийн зогсож хүндэтгэе!  


Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

А - 202.21.117.342019-05-09 07:52:36

АГУУ ЯЛАЛТЫН БАЯРЫН МЭНД . С ДНЁМ ПОБЕДЫ .