Европын лигийн финалд Лондоны дерби болж болзошгүй


Европын багуудын хамгийн нэр хүндтэй тэмцээн бол мэдээж Аваргуудын лиг. Энэ тэмцээнд оролцох эрх авахын төлөө “Хөгшин тив”-ийн орон орны аварга шалгаруулах тэмцээнд багууд ёстой л уралцан тэмцэлддэг.

Английн Премьер лиг тивийн шилдэг тэмцээнүүдийн нэг гэдэг ч математикийн хэлээр бол нотлох шаардлагагүй аксиом. Чухам энэ лигийн хоёр баг Аваргуудын лигийн шөвгийн дөрөвт үлдсэн. Гэвч “Тоттенхэм Хотспур” Холландын “Аякс”-т талбай дээрээ 0:1-ээр хожигдож, “Ливерпул” Испанийн “Барселон”-д алдарт “Камп Ноу” цэнгэлдэх хүрээлэнд 0:3-аар бутниргүүлснээр Аваргуудын лигийн финалд өрсөлдөх магадлал нь маш ихээр буурлаа.

Харин Европт чансаагаараа Аваргуудын лигийн дараа ордог Европын лигийн цомыг гардахын төлөө Английн, тэр тусмаа Лондоны багуудын дерби болох магадлал их байна.

Юу гэвэл, Европын лигийн хагас шигшээд Лондоны “Арсенал” талбай дээрээ Испанийн “Валенси”-г 3:1-ээр буулган авсан бол Германы шаггүй баг “Айнтрахт”-ын цэнгэлдэх хүрээлэнд “Челси” 1:1-ээр хайнцлаа.

Хариу тоглолтуудад Английн дээрх хоёр баг өрсөлдөгчдөө даагаа нэхэх боломж өгөх нь юу л бол. Иймд Европын лигт анх удаа Лондоны хоёр багийн дерби болно гэж хөлбөмбөгийн олон хорхойтон хүлээж байна. Европын лигт түрүүлсэн баг дараа жилийн Аваргуудын лигт оролцох эрхтэй болдгийг ч хэлэх үү...   

"Арсенал" (Англи) – "Валенси" (Испани) – 3:1 (2:1)

Гоолууд: Диакаби, 11 (0:1). Ляказетт, 18 (1:1). Ляказетт, 26 (2:1). Обамеянг, 90+1 (3:1).

"Айнтрахт" Франкфурт (Герман) – "Челси" (Англи) – 1:1 (1:1)

Гоолууд: Йович, 23 (1:0). Педро, 45 (1:1).

Б.Туг


Сэтгэгдэл бичих