Лионел Мессигийн хоёр гоол Юрген Клоппын багийг “оршуулав”


Аваргуудын лигийн хагас шигшээгийн хоёр дахь тоглолт өчигдөр Испанийн Барселоны “Камп Ноу” цэнгэлдэх хүрээлэнд болж талбайн эзэд Английн “Ливерпул”-ийг өрсөлдлөө.

Тоглолтын эхний үед “Ливерпул” маш идэвхтэй тоглож хөлбөмбөгийн хорхойтнуудыг баясгасан. Зочид тоглолтын санаачлагыг гартаа аван довтолгоо бүр нь аюултай болж байв. Харин “Барселон”-ы довтолгоонууд нэг л болж өгөхгүй байсан ч чухам талбайн эзэд гоолдсон юм. Албагийн дамжуулалтаар Уругвайн легионер Суарес “Ливерпул”-ийн хаалганд бөмбөг оруулав.

Гоол алдсаныхаа дараа “Ливерпул” улам шаргуу довтлох болсон юм. Хоёрдугаар үеийн эхэнд “Барселон”-ы герман хаалгач Тер Штеген хэд хэдэн удаа багаа авраагүй бол тооны харьцаа тэнцэхээр байлаа.

Гэвч 75 дахь минутад тоглолтын хувь заяа үндсэндээ тодорхой болсон. Суаресийн өшиглөсөн бөмбөг “Ливерпул”-ийн хаалганы шонгоос ойход Месси түрүүлж очин гоолдсон юм. Үүнээс долоон минутын дараа тэрээр ханатай торгуулийн цохилтоос дахин нэг гоол оруулан герман дасгалжуулагч Юрген Клоппын багийг “оршуулсан” билээ.

Учир нь хариу тоглолтод “Ливерпул” “Барселон”-ы хаалганд дөрвөн гоол оруулна гэдэг боломжгүй биз ээ.     

"Барселон" (Испани) – "Ливерпул" (Англи) – 3:0 (1:0)

Гоолууд: Суарес, 26 (1:0). Месси, 75 (2:0). Месси, 82 (3:0).

"Барселон": Тер Штеген, Сержи Роберто (Аленья, 90+4), Лангле, Пике, Жорди Алба, Ракитич, Бускетс, Видал, Месси, Суарес (Дембеле, 90+3), Коутинью (Семеду, 60).

"Ливерпул": Алиссон, Гомес, Матип, Ван Дейк, Робертсон, Фабинью, Кейта (Хендерсон, 24), Милнер (Ориги, 85), Салах, Мане, Вайналдум (Роберту Фирмину, 78).

Шар хуудас: Лангле, 39. Фабинью, 81. Суарес, 81. Жорди Алба, 86.

Шүүгч: Кайперс (Холланд).

Барселон. "Камп Ноу" цэнгэлдэх хүрээлэн.

Б.Туг

Сэтгэгдэл бичих