АНУ цөмийн пуужингуудаа нууцлажээ

Хүйтэн дайн хүчээ авч байна

 Ерөнхийлөгч Трампын засаг захиргаа цөмийн зэвсгийнхээ нөөцийн тухай мэдээг ямар ч тайлбар хийлгүйгээр нууцалсан байна. Үндэсний аюулгүй байдлын асуудалд засгийн газрыг нээлттэй байлгахыг зорьдог Америкийн эрдэмтдийн холбоо  Эрчим хүчний яаманд асуулга явуулжээ. Гэвч одоо “лавласан мэдээллийг ил болгох аргагүй” гэж тус яамнаас хариулсан байна.

 

“Нью-Йорк таймс” сонин  захидлаас иш татахдаа, Трампын засаг захиргаа Обамагийн үед хэрэглэж эхлэсэн практикийг ийм маягаар зогсоолоо гэж бичжээ.  2010 оны тавдугаар сараас эрх баригчид  цөмийн зэвсгийн тухай мэдээллийг ил болгож эхлэсэн юм.  Трампын үед ч энэ практик үргэлжилж байв.  Тийнхүү, 2017 оны есдүгээр сарын 30-ны байдлаархи мэдээллийг иш үндэс болговол, АНУ-ын цөмийн зэвсгийн нөөц 3 мянга 822 цэнэгт хушуутай байсан нь  өмнөх  нэг жилийнхээс 196-гаар цөөн байжээ.

 

Гэвч хүйтэн дайн дахин эхлэж, АНУ дунд болон ойрын тусгалын пуужингийн тухай гэрээнээс гарснаар Трампын засаг захиргаа  энэ уламжлалыг эцэс болгохоор шийдсэн бололтой.  Цөмийн зэвсгийн нөөцийг нууцлахаар шийдвэрлэснийг Америкийн эрдэмтдийн холбооны цөмийн мэдээллийн төслийн тэргүүн Ханс Кристенсон  шүүмжилсэн байна.  Тэрээр цөмийн зэвсэгтэй холбоотой бүх асуудлаар дэлхийн тэргүүлэх мэдээллийн хэрэгслүүдэд тогтмол тайлбар өгдөг юм. Энэ нь  цөмийн зэсгийн ямар нөөцтэйг нь ил болгох зорилгоор бусад оронд даралт  үзүүлэх боломжгүй болгож байна гэж тэр үзжээ.

 



Түрүүнд нь Трампын засаг захиргаа Орос, Хятад улсыг  цөмийн зэвсгийн нөөцөө нууцлаж байна хэмээн гомдоллож байсан бол, одоо ингэж хэлэх аргагүй болно.

 “Нью-Йорк таймс” сонинд бичсэнээр,  одоо Орос улс 4 мянга 350 цэнэгт хушуутай байгаа ажээ. Стратегийн давшилтын зэвсэглэлийг хорогдуулах тухай гэрээний дагуу, 2018 оны хоёрдугаар сарын 5 гэхэд, Орос, АНУ-д 1 мянга 550-аас илүүгүй цэнэгт хушуу үлдэх ёстой байжээ.  Энэ нь хуурай газарт болон шумбагч хөлөг онгоцонд байрладаг пуужингийн аль алинд хамаатай юм.  Гэвч үнэндээ бол Орос, АНУ хоёр пуужингийн тоог цөөрүүлээгүй, харин  ч цөмийн нөөцөө  шинэчилж байгааг   баримт харуулж байна. Цөмийн нөөцийг тооцоолох нь тун хэцүү, учир нь жишээлвэл  Орос улс толгойн хэсэг нь салдаг байлдааны  цэнэгт хушуу бүхий пуужинтай, тиймээс цөмийн зэвсгийн сүйтгэгч хүчин чадлыг тодорхойлоход маш хэцүү юм.

 Ямар ч л байлаа гэсэн, Орос, АНУ-ын цөмийн зэвсгийн нөөц нь манай гарагийг тэр чигт нь устгахад урьдын  адил хүрэлцээтэй  юм гэж шинжээчид санал нэгтэй үзэж байна.

 

С.Инда

 

 

 

 

Сэтгэгдэл бичих