Санта-Круз-дель-Ислоте арал дээр хүн хамгийн шигүү суудаг

Дунд зэргийн хөлбөмбөгийн талбай 7500 хавтгай дөрвөлжин метр  байдаг. Харин Санта-Круз-дель-Ислоте арал ойролцоогоор хоёр хөлбөмбөгийн талбайны дайтай гэнэ.  Арлын  97 байшинд 1200 гаруй хүн суудаг аж.  Маш бага орон зайд нэг зуу орчим байшин багтаж болно гэдгийг төсөөлөхөд хэцүү ч, ийм арал үнэхээр бий.

 

Энэ ер бусын арал Колумби улсынх бөгөөд тус улсын эх газрын эрэг хүртэл 20 орчим километрийн зайтай оршдог байна.  Энэ зайг усаар л туулж болох бөгөөд аралд ямар ч нисэх буудал байхгүй нь мэдээж. Мөн нэг ч машин байхгүй, арлыг бүхэлд нь хэдхэн минутад тойрч болно.

 

Нутгийн оршин суугчдын ярьдагаар, тэдний өвөг дээдэс 150 орчим жилийн өмнө энэ аралд иржээ. Тодруулвал, хэдхээн загасчин энд хоноглохоор бууж,  шөнийн турш  хазаж зовоох шумуул байхгүйд  тэд гайхацгаасан гэнэ.  Тийнхүү энэ нь  байшин сав барихад хамгийн тохиромжтой  газар юм байна хэмээн үзэж, эхний байр байшин барьжээ.

 

Арал нэлээд удаан хугацааны турш нэргүй байсан гэнэ. Том модон загалмай давалгаанд туугдан арлын эрэгт  хаягдах хүртэл нэргүй байж. Тэгээд загалмайг арлын төвд суурилуулж, Санта-Круз-дель-Ислоте гэсэн нэр өгсөн байна. Энэ нь орчуулвал, Гэгээн Загалмайн арал гэсэн утгатай аж.

 

Арал өөрийн сургуультай бөгөөд 170 орчим хүүхэд сурдаг байна. Сургуулийн байшин гурван давхар бөгөөд тиймээс  арлын хамгийн өндөр байшин гэнэ.  Зарим сурагч  ойролцоохи Сан-Бернардо  олтригийн  арлуудаас энд ирдэг байна. Санта-Круз-дель-Ислотег  хүн ам хамгийн шигүү суудаг төдийгүй, залуусын арал хэмээн хэлж болно.  Юу гэвэл, оршин суугчдын ихээхэн хэсэг нь залуучууд юм.

 

Ундны ус нь арлын оршин суугчдын хувьд хамгийн үнэт зүйл болов уу.  Аралд ийм усны ундрага гэж огт байхгүй, тиймээс долоо хоногт гурван удаа хөлөг онгоцоор ийм ус авчирдаг байна. Энд муу усны хоолой бас байхгүй.  Хог боловсруулах нь эндхийн бас нэг ноцтой асуудал. Хог хаягдлын ихээхэн хэсгийг зүгээр л далайд хаячихдаг байна.

 

Гэрэл цахилгаан бас ховор зүйлийн нэг бөгөөд хоногт 17 цагаас 22 цагийн хооронд ердөө таван цаг л цахилгаан өгдөг аж.  Бусад цагт телевизээр сонирхолтой нэвтрүүлэг явах нь олонтоо байдаг учир,  оршин суугчид бензин авч,  генератор ажиллуулдаг байна.

 

Арал бүхэлдээ хоёр хөлбөмбөгийн талбайны дайтай гэдгийг дээр дурдсан.  Гэхдээ энд хөлбөмбөгийн талбай бий, харин маш жижигхэн, мэдээж стандартын хэмжээний талбай байх аргагүй.

 

Эндхийн оршин суугчид гэрийнхээ хаалгыг хэзээ түгждэггүй, учир нь гэмт хэрэг гээч юм бараг гардаггүй, арлын бүх хүн бие биеэ маш сайн таних хойно. Аралд цагдаа байхгүй, эмнэлэг, оршуулгын газар байхгүй.

 

Энэ аралд ажил олж хийнэ гэдэг амаргүй. Харин ирсэн жуулчдыг загасчлуулж,  усанд шумбуулж, завиар зугаалуулж мөнгө олдог байна. Олон эр загас барьж, үүнийгээ  өөр арал болон эх газрын  зоогийн газруудад зардаг аж.  Зарим оршин суугч хөрш арлууд болон эх газарт ажил олж хийхэд хүрдэг байна.

 

С.Инда

Сэтгэгдэл бичих