Нууц үг хулгайлж, залилан хийдэг залуусыг баривчилжээ

Хүмүүсийн  фейсбүүкийн нууц үгийг мэдэж аваад бусдыг залилж байсан бүлэг хүнийг Дундговь аймгийн Цагдаагийн газрынхан илрүүлэн шалгаж эхэллээ. Улсын хэмжээнд зохион байгуулж буй, залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээний хүрээнд уг хэргийг илрүүлсэн бөгөөд иргэн А, Л, Н, Д нарыг холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Дээрх хүмүүс өмнө нь энэ төрлийн гэмт хэрэгт холбогдон шалгуулж байсан аж. Орон нутгийн иргэдийн фейсбүүкт нэвтрэх нууц үг нь тогтооход амар, ихэвчлэн дөрвөн оронтой тоо, регистрийн болон утасны дугаарынхаа сүүлийн дөрвөн цифрийг хэрэглэдгийг ашиглан фейсбүүкт нь нэвтэрдэг байж.

Улмаар мессенжерийг нь ашиглан найзууд руу нь “Мөнгө зээлээч” гэсэн зурвас илгээн дээрх гурван сумын долоон иргэнээс 50-500 мянган төгрөг залилан авснаа хүлээсэн байна. Тус аймгийн цагдаагийнхан тэдний эсрэг маш нарийн арга тактик хэрэглэн олж тогтоон, баривчилжээ.  Иргэдийн ашигладаг фейсбүүкийн нууц үгийг хулгайлж, “Мөнгө хэрэг боллоо, зээлээч” гэх мэтээр найзууд руу нь зурвас илгээн залилдаг хэрэг гарсаар байгаа учраас дээрх утгатай мэдээлэл ирвэл найзаасаа заавал утсаар тодруулж байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.



ТЭГВЭЛ ЦАХИМ ХАЯГИЙН МЭДЭЭЛЛЭЭ АЛДАХГҮЙН ТУЛД ЯАХ ЁСТОЙ  ВЭ?

Тэгвэл цахим хаягийн мэдээллээ алдахгүйн тулд яах ёстой  талаар Цагдаагийн ерөнхий газрын хэвлэлийн төлөөлөгч, цагдаагийн ахмад М.Мөнхшүрээс тодруулахад “Цахим орчинд маш олон хандалт авах  гэсэн хуурамч сайтууд бий. Тэдгээр  сайтуудаар  ордоггүй байх хэрэгтэй.  Гудамжинд явж байхад шууд автоматаар нэвтэрдэг wifi хамгийн их эрсдэлтэй. Үнэ төлбөргүй  зүйл ашиглах  гэж байгаад гэмт хэргийн хохирогч болох тохиолдол бий. Хамгийн гол нь хүмүүс хувийн мэдээллээ чанд нууцлахын тулд  хялбар нууц код хийдэггүй байх шаардлагатай.


Ихэнх хүмүүс дан цифрээр нууц кодоо хийдэг. Иргэд яг энэ байдлаасаа болоод л алддаг. Дан цифрээр биш үсэг, тэмдэгт, цифр зэргийг оролцуулан нууц кодоо хийх юм бол таны  нууц код   түвэгтэй бусад хүмүүс тайлах боломжгүй болох юм.  Мөн цахим хаягт ямар нэгэн мэдээлэл ирэхэд онцын шаардлагагүй бол нээж үзэхээс татгалзах хэрэгтэй.

Гэмт этгээдүүд мэдээлэл дамжуулах хэлбэрээр “Фишинг” буюу хортой код ашиглан хэрэглэгчийн хувийн мэдээллийг  хуулбарлан  гэмт үйлдэлдээ ашиглах нь түгээмэл байна. Хэрвээ цахим орчинд өдөр тутам ажиллах шаардлагатай бол нууц үгээ долоо хоногт, арав хоногт тодорхой хугацаанд заавал сольж байхыг зөвлөж байна” гэлээ.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

иргэн - 203.91.115.3916 цагийн өмнө

ДУНДГОВИЙН ЗАЛУУЧУУД ШМНЭ НЭЭЛТ ХИЙСЭН БАЙНА Ш ДЭЭ