Ойн хээрийн түймэр цаашид ч өсөх хандлагатай байна гэв

Нийслэлийн Онцгой байдлын газраас ой хээрийн түймрийн нөхцөл байдлын талаар танилцуулаа.

Он гарсаар Улаанбаатар, Дорноговь, Булган, Дархан-Уул, Ховд, Сэлэнгэ, Сүхбаатар, Төв, Хөвсгөл, Хэнтий зэрэг аймгийн 26 суманд нийт 34 удаагийн ой хээрийн түймэр бүртгэгджээ. Эдгээр түймрийг холбогдох мэргэжлийн байгууллагаас тухай бүрт нь унтраах ажлыг зохион байгуулж ажиллаж байгаа аж. Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн Мандал, Булган аймгийн Хутаг-Өндөр сум болон нийслэлийн Хан-Уул дүүрэгт гарсан түймрүүдийг алба хаагчид цурманд оруулсан байна.

Түүнчлэн Онцгой байдлын газраас гал түймрээс урьдчилан сэргийлэх, сэрэмжлүүлэх ухуулгыг хийж байгаа боловч түймрийн нөхцөл байдал цаашид өсөх хандлагатай байгааг онцолж байна.

Мөн нийслэлд гарсан түймрийн нөхцөл байдлын талаар нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн дарга, хурандаа Д.Мөнхсайхан “Он гарсаар нийслэлд гал түймрийн 1300 орчим дуудлага ирсэн. Үүний голлох шалтгаан нь хаврын хуурайшилттай холбоотой байна. Тухайлбал, өнжмөл болон шар өвс шатааснаас үүдсэн гал түймэр их гарч байна. Эдгээр нь гал алдсанаас үүдэн бий болж гарч байгаа юм. Гал түймрийн дуудлага буурахгүй байгаатай холбогдуулан ногоон бүсэд зорчихыг хориглосон шийдвэр гарлаа. Мөн Онцгой байдлын газрын алба хаагчид 24 цагаар эргүүл хийн ажиллаж байна” гэв.

Сэтгэгдэл бичих