Барак Обама: Хойд Солонгос пуужин харвана гэдэгт эргэлзэж байна

АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Хойд Солонгосчуудад үнэхээр цэнэглэсэн баллистик пуужин байгаа гэдэг эргэлзэж байгаа тухайгаа хэлжээ. Хэдийгээр Хойд Солонгосын зүгээс ирж буй заналхийлэл маш хүчтэй байгаа ч түүнд өртөж буй улсууд сүүлийн үед харьцангуй тайван байдалд шилжсэн. Хэзээ мөдгүй пуужин харвах гэж байгаа тухайгаа зарлан дэлхий нийтийг сандаргаад байгаа Умардынхан ч өөрсдөө сүүлийн хоногуудад нам жим байдалтай байна. Тэд энэ өдрүүдэд эцэг Кимийн мэндэлсний 101 жилийн ойг тэмдэглэхэд гол анхаарлаа хандуулсан. Үүнээс өмнө Ким Чен Ун өвөөгийнхөө төрсөн өдрөөр аавынхаа захиасыг биелүүлж пуужингаа харвана хэмээн мэдэгдэж байсан. Харин өнөөдрийг хүртэл чимээгүйхэн байгаа нь Умард Солонгосчуудад үнэхээр пуужин байгаа эсэх нь Америкчуудыг эргэлзүүлэхэд хүргэжээ.

NBC агентлагийн сэтгүүлч ерөнхийлөгч Барак Обамагаас “Хойд Солонгосын тал пуужингаа цэнэглэж, харвахад бэлэн болсон. Түүнчлэн пуужингийхаа харвах цэгүүдийг хүртэл онилсон гэж байсан энэ тухайд та ямар байр суурьтай хандаж байна вэ? гэхэд Обама "Тэнд манай тагнуулынхан байгаа, тэдний өгсөн мэдээллээр бас бидний тооцоолж байгаагаар ч тэр Умардынхан ийм алхам хийхгүй гэж бодож байна” хэмээн хариулжээ. Мөн “Гэхдээ сайтар нарийвчлан судлах хэрэгтэй, бидний урьдчилан тооцоолоогүй зүйлс ч байхыг үгүйсгэхгүй байна.  Бид Хойд Солонгосын хэрэглэж болох бүх тактикийг судалж байгаа. Гэхдээ би сэтгэлзүйч биш шүү дээ,  Хойд Солонгосын удирдагч чухам ямар бодол төлөвлөгөөтэй байгааг мэдэхгүй байна” гэв.

Хамгийн сүүлд Хойд Солонгосын зүгээс “ Бид пуужин харвахын өмнө сануулга өгөхгүй шууд харвана” хэмээн мэдэгдсэн юм.

Х.Төгөл

 

Сэтгэгдэл бичих