Прокурорын орлогчид нэр дэвшигчдийг дэмжлээ

УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит хурлаараа гурван асуудал хэлэлцлээ. Тодруулбал, Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогч нарыг томилох тухай Ерөнхийлөгчийн саналыг зөвшилцөх тухай, Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн байна. Мөн Улсын Их Хурлын дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэж шийдвэрлэжээ.

 Ерөнхийлөгчөөс Улсын прокурорын тухай хуулийн дагуу УИХ-тай зөвшилцөхөөр А.Чинбат, С.Алиманцэцэг нарын нэрийг оруулж ирснийг бүлгийн гишүүдийн олонх дэмжсэн байна. Мөн Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийг УИХ хэлэлцэх эсэхийг шийдвэрлэж, Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүлсэн байгаа. Ажлын хэсэг хуулийн концевцийг жаахан өөрчилсөн. Өөрөөр хэлбэл, хөдөө аж ахуй, газар тариалангийн салбараас ус бохирдуулсны төлбөр авахгүй байхаар хэлэлцэж дэмжсэн. Нөгөө талдаа уул уурхайн салбарын нөхөн төлбөрийг нэмэгдүүлж оруулж ирсэн тухай мэдээллийг бүлгийн дарга Д.Тогтосүрэн өглөө.

Үүний дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Ус бохирсдуулсны төлбөрийн тухай хуульд уул уурхайн салбарын нөхөн төлбөрийг 60 хувь болгож бууруулж байгаа гэж байна. Энэ талаар тодруулна уу?

-Өнөөдрийн бүлгийн хурал дээр олон гишүүн “мал аж ахуй, газар тариалан эрхлэгчдээс ус бохирдуулсны төлбөр авах гэж байна” гэж шүүмжлэлтэй хандсан. Мал аж ахуй, газар тариалангийн салбар нийт усны хэрэглээний 51 хувийг эзэлж байгаа нь үнэн. Гэхдээ татвар нэмэгдүүлэхгүй гэдэг үүднээс энэ заалтыг хассан. Харин уул уурхайн салбар усыг хэрхэн бохирдуулж байгаа тэр хэмжээгээр төлбөрийг нэмэгдүүлэхээр тусгасан.

-УИХ-ын дэгийн тухай хуульд энэ удаад ямар өөрчлөлт оруулахаар тусгаж байна вэ. Гишүүдийн сахилга хариуцлагыг сайжруулах талд ямар заалт тусгаж байгаа бол?

-Дэгийн тухай хуульд нэлээд олон өөрчлөлт оруулахаар байгаа. Нэгдүгээрт, УИХ дэгийн хороотой байх заалтыг оруулж байна. Мөн УИХ-ын гишүүдийг хариуцлагажуулах талд нэлээд заалт бий. Тухайбал, зөвхөн хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулж үг хэлж, асуулт асууна. Анхдугаар чуулганы үйл ажиллагааг хуульчилж өгч байгаа. Сонгуулийн дараа зарим гишүүн тангараг өргөхгүй гэх асуудал гардаг байсныг хуульд тусгасан зэрэг заалтууд бий.

Сэтгэгдэл бичих