Видео: Тунгаа аваргын бүсээ эргүүлэн авч чадсангүй

Монголын холимог тулаанч Ж.Нарантунгалаг өчигдөр /2019.04.12/ Филлипин улсын Манила хотод “One Championship Roots of Honor“ тэмцээнд оролцлоо. Манай тамирчин “ONE Championship” холбооны хагас хөнгөн жингийн аваргын бүсийн төлөө вьетнам гаралтай, Австралийн тулаанч Мартин Нгуентэй тулалдсан юм. Энэ бүсийг Тунгаа 2014-2015 онд эзэмшиж байсан юм. Мартин бол манай тулаанчийн Оросын Марат Гафуровт алдсан аваргын бүсийг 2017 онд Гафуровыг хоёрдугаар үед хүнд цохилтоор ялж, булаан авсан тулаанч билээ. 13 насны зөрүүтэй тулаанчид. Тэд 5 минутаар 5 үе тоглох ёстой.

Танхимд дуучин Д.Жаргалсайханы “Чингисийн баатрууд” дуу эгшиглэн, Тунгааг гарч ирэхэд үзэгч олон уухайлан хүлээж авч, угтан гүйж харагдсан. “One Championship” холбооны фэнүүд чухам Тунгаа л үзүүштэй сайхан тулаанаараа тэмцээн, уралдааныг нь сонирхолтой болгож байгааг андахгүй сайн мэднэ.

Эхний үе тулаанчид нэг нэгнээ туршсан, тагнасан маягаар эхэллээ. Аварга Нгуен тун болгоомжтой тоглох аж. Тактикаа сайн боловсруулж, бэлтгэсэн нь илт. Шатар тоглож буй мэт л хөдөлгөөн, цохилт бүрээ хянан нягтлаж байлаа. Байн байн баруун кидан өшиглөлт хийнэ. Тунгаа урд гараар сайхан хатгаад дотогш орох гэсэн боловч болсонгүй. Нгуен угтуулж цохиод, зайгаа хадгалан, киданаа хийсээр. Кидан өшиглөлт өрсөлдөгчийн тулгуур хөлийг муудуулж, гарын цохилтын хүчийг бууруулдаг. Тунгаа хариу өшиглөх боловч Нгуений кидан түүнийг тэнцвэр алдуулж, хөл нь хөдлөхөд хэцүү болж байгааг Нгуен мэдэж байв.

Хоёрдугаар үе эхэллээ. Тунгаа довтолж, баруунаар даллан цохиж, урагшилна. Харин Нгуен юунд ч сандрахгүй юм. Маш сайн харж, яаж тоглох, юу хийхээ бүгдийг төлөвлөжээ. Ээлжит баруун кидан Тунгаагийн зүүн хөлөнд буухад манай тамирчин илт доголоод ухарсан тул Нгуен  боломжоо алдсангүй. Үргэлжлүүлэн дайрч, дахин нэг кидандаад зүүн хөл нь ажиллагаагүй болоход нь үсрэн, өвдөглөж, манай тамирчныг унагаалаа.

Ийнхүү аваргын бүсээ хамгаалсан Нгуен Тунгаад хүндэтгэл үзүүлэн, ёслож байлаа. Харамсалтай нь Тунгаа бэлтгэсэн, зэхсэн зүйлээ бүрэн гаргаж чадсангүй, австрали тулаанчийн хэмнэл, тактикт орж, хүнд цохилтоор ялагдлаа. Гэхдээ тэр дахиад тулалдана, дуусах болоогүй.

Алтан соёмбот далбаагаа мандуулан, тоглолтын өмнөх монгол бөхийн шаваа, ялалтын дараах уухай гээд Тунгаа шиг монгол хүн бүрийн цөсийг хөөргөж, омогшуулдаг тамирчин цөөхөн бий. Ямар ч Аялал жуулчлалын яам, тамгын газруудаас илүү эх орноо дэлхийд сурталчилж, таниулна гэдэг энэ буй за.

zindaa.mn


Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

ioo - 90.146.5.1622019-04-13 23:32:06

ugaasaa neeh sain tulalddag tamirchin bish. shal Duff. busdaas surna gj bhgui. bi muu unelgee ogno. mongoliin mma hogjih gj udna.

Зочин - 202.55.188.352019-04-13 11:33:00

Энэ омогших гэдэг үгийг бид одоо болгоомжтой хэрэглэх цаг болжээ. Огших омогших гэдэг нь гарал ойролцоо үг. Огших гэдэг нь шууд утгаараа баярлах гэсэн үг биш. Эдгээр үгийн үндсэн утга нь хэнд ч тоогдохгүй этгээд гэнэтийн амжилт гаргаж түүгээрээ өөрөө бахархах гэсэн санаа юм. Хэний ч тоодоггүй хүлээн зөвшөөрдөггүй буюу угтаа нийгмийн байр суурь үгүй этгээд хүрд эргүүлэх боломж гарахад сэргэн баясаж улмаар амжилт олсоноор үүндээ эрэмшин, бусад руу түрхрэн, өөрийгөө сурталчлах, түүнээсээ таашаал авах баярлах гэсэн санаа. 220 жил Манжийн дарлалд, 70 жил Оросуудын талхинд явсан бид 91 оноос жинхэнэ утгаараа тусгаар байдал, эрх чөлөөг мэдрэхдээ огшин омогшиж байсан нь аргагүй. Энэ бол багаасаа ядуу буурайгийн харгайгаар бусдад доромжлогдон, жийгдэж, үргэлж нүд үзүүрлэгдэн чичлэгдэж байсан ноорхой хүү эрийн цээнд хүрч эр биеийн ид хавыг үзүүлэх боломж олсондоо үүндээ эрэмшин танхайрч бусад руу архиран, ноцон дайрч, хүүхэд хөгшдөд хүртэл эр бяраа гаргахыг гавьяа гэж бодон, улмаар адал балмад байдал руу шилжиж сүүлдээ нийгэмд нэр хүндгүй болон өмнө байснаасаа улам доор орж доройтдог нийтлэг үзэгдэлтэй ихээхэн төстэй. Тэхээр өнөөдөр бид өөрсдийнхөө бодит байдлыг эрүүл ухаанаар эрэгцүүлэх чухал. Бид одоо тийм ч дорой буурай биш болжээ. Нэг үгээр бид эрийн цээнд хүрч, хүчин чадал ба нийгмийн байдал өмнөхөөсөө илт дээшилжээ. Энэ цагт бид ядуу хүүгийн жишээгээр дураараа туйлбал тун удахгүй доош орж, бууран доройтохын урьтал болно. Харин орчноо мэдэрч, аливаа иргэншсэн нийгмийн жишгээр, ер оюунт хүн биеэ авч явах үлгэрээр өөрийгөө хямгадан цаашилбал ядуу хүү улам дэвшиж дээдчүүдийн зиндаанд орохтой адил ирээдүй биднийг хүлээж байна. Тийм учраас осол зэхий явдал, огшил, хоосон омог, омтгойрлыг ямагт тэвчиж явах хэрэгтэй. Бид нэгэн цагт огшиж, омогшиж өнгөрчээ. Одоо харин түүний хэрэг үгүй. Юу юуны тухандгүй л огшоод омогшоод байвал бид өнөө хүртэл өөрсдийгөө дорой буурай, хүчин мөхөс гэдгийг өөрсдөө хүлээн зөвшөөрөөд байгаагаас өөрцгүй. Эхлээд бид өөрсдийгөө зөв үнэлж байж дараа нь бусдаас үнэлгээ хүлээж хүлээн зөвшөөрөгдөнө. Тэхээр эндээс дүгнэхэд биеийн хүчийг голлодог, төлөвшил иргэншлээс тасархай, адгууслаг шинж давамгайлбал огших омогших ойртсоор аажмаар бууран доройтол, дампуурал руугаа дөтөлнө. Харин илүү хүмүүнлэг байж, өөрсдийгөө цэгцтэй зөв үнэлж, хүчээ хуваарилж сурвал бидэнд зүй ёсоор бахархам ирээдүй, гайхалтай амжилтууд холгүй. Тэхээр огших омогшихын арай дээд түвшний, хүмүүнлэг, иргэншсэн хэлбэр нь цэгцтэй зөв үнэлгээ, хүчний тэнцвэртэй хуваарилалт, хүлээн зөвшөөрөл, зүй ёсны эрмэлзэл тэмүүлэл байх юм.