Монголын анхны "Мөсөн өргөө"-ний шав тавих ёслол болно

Монголын анхны "Мөсөн өргөө"-ний шавыг тавих ёслол нөгөөдөр буюу ням гаригт "Буянт-Ухаа-2" хорооллын замын эсрэг талд "Шинэ Яармаг" хороололд болох гэж байна. Дэлхийн стандартад нийцсэн, битүү мөсөн талбай бүхий энэхүү өргөөг барих санаачилгыг “Степпе Арена” ХХК-ийнхан гаргаж төсөл хэрэгжүүлж эхэлжээ. Энэхүү "Мөсөн өргөө"-ний зураг төслийг "Анаграм" ХХК боловсруулж байгаа юм байна. Монголын анхны мөсөн өргөө баригдсанаар уг өргөөний битүү мөсөн талбайд хоккейн үндэсний шигшээ баг бэлтгэл, сургуулилтаа хийх боломж бүрдэх юм. 


“Мөсөн өргөө” нь “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлаас 3 км хүрэхгүй зайд баригдах бөгөөд онгоцны буудлын загвартай ойролцоо гэнэ. Тухайлбал барилгын дээвэр нь онгоцны далавчтай төстэй. Мөн дээвэр дээр байрлах нарны халаалтын батарейг цэнэглэх зорилгоор дээврийг урд тал руугаа хэлбийлгэн, налуу байдлаар хийхээр архитекторууд зургаа гаргажээ. “Мөсөн өргөө”-ний байрлах газрын гадаргуу нь налуу тул “Дэлбрүүк”спорт амралтын газрын адил барилгын нэлээд хэсэг нь газар доор байрлах аж. Канадын баруун эрэгт түгээмэл байдаг холимог, шилэн дизайн “Мөсөн өргөө”-ний зураг төслөөс харагдах агаад Монголын зургийн баг монгол ахуй, хийд эсвэл Оросын архитектурын загвараас санаа авахаас татгалзсан аж.


“Мөсөн өргөө”-ний үзэгчдийн хэсэг нь 2600 суудалтай, тойрог хэлбэрийн зохион байгуулалттай байх юм. Уг өргөөний загвар зураг төсөл үндсэндээ дууссан бөгөөд бүтээн байгуулалтын ажлыг нь төлөвлөгөө ёсоор ийнхүү эхлүүлж байгаа юм байна. 

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

Өвгөн ах - 202.9.43.292019-04-13 06:57:58

Болохгүй ч юм алга. Гэхдээ хотын төвөөс хэт хол, хүүхэд багачуудад маань олдохгүй, эзгүй оргисон "өргөө" байх бололтой.

Зочин - 202.55.188.352019-04-12 19:31:05

Ер нь бид, мөсөн тэшүүр, хоккейн алинаар ч дорвитой амжилт гаргахгүй байхаа даа. Цанаар гэхэд л бид хэчнээн олимпод оролцов доо? Гэхдээ дэмжиж байна. Ядаж л хүүхэд залуус цагийг аюулгүй, үр ашигтай өнгөрөөх боломж нэмэгдэж болох юм. А бас 1-с илүү холбоо байгуулагдаад ордноо нөгөө бөхчүүд шиг булаацалдаад, эцэст нь ер нь ийм ордон бариагүй байсан нь ч дээр байж уу дээ гэж халагламаар явдал тохиохгүй бол шүү дээ.