Холимог тулааны "12 дэлхийн аварга" өнөөдөр тулалдана



Өнөөдөр  Филиппин улсын Манила хотноо “One Championship - Roots of Honor“ тэмцээний оргил тулаан болох хагас хөнгөн жингийн дэлхийн аваргын төлөө МУГТ Ж.Нарантунгалаг аварга Австралийн тулаанч Мартин Нгуентэй тулалдана.Түүний өрсөлдөгчийн талаар товчхон мэдээлэл хүргэхэд. Өдгөө 29 настай. Манай тамирчнаас 13 насаар дүү. Октагонд 14 тулаан хийж 11-д нь өрсөлдөгчөө ялсан. 2017 онд Марат Гафуровыг хүнд цохилтоор буулган авснаар "One championship” холбооны "Featherweight" жингийн Дэлхийн аваргын бүсийг эзэмших болсон.

Тулаан Улаанбаатарын цагаар 18:00 цагаас эхлэн явагдах ба  тулалдах тулаанчид дунд МУГТ Ж.Нарантунгалаг аваргад ялагдаж байсан Эдвард Келли болон Эрик Кэлли нар мөн тулалдах юм байна.
Нийт 28 тулаанчийн 14 тулаан явагдах ба МУГТ Ж.Нарантунгалагийн тулаан өнөөдрийн  оргил тулаанаар нэрлэгдэж байна. 

Манай тамирчин Ж.Нарантунгалагийн намтар түүх :

1975 оны арванхоёрдугаар сарын 16-нд Булган аймгийн Бугат суманд төрсөн. Өдгөө 43 настай. Биеийн жин 70 кг, биеийн өндөр 1 метр 73 см.

 Тэрээр эхнэр, хоёр охин, нэг хүүгийн хамт амьдардаг.

"Чингисийн цавчилт" "Тариан түрүү өндөр ургах тусмаа бөхийдөг" хэмээх үгийг хэлэх дуртай.
Тулааны спортоос мэндэлсэн анхны гавьяат тамирчин
Ж.Нарантунгалагийн олон жилийн нөр их хөдөлмөрийг төр үнэлж, гавьяат тамирчин цолоор энэ жил шагнасан. Тэрээр ийнхүү Монголын тулааны спортын түүхэн дэх хамгийн анхны гавьяат цолтон болсон юм.

Ж.Нарантунгалаг багадаа кикбокс, жүдо, жиү-жицү, бокс зэрэг спортын олон төрлөөр хичээллэдэг байсан. Гэхдээ аль нь ч түүний сэтгэлийг холимог тулааны спорт шиг татаж чадаагүй гэдэг.

2003 онд болсон холимог тулааны "Mongolia fighting" тэмцээний 93 кг-д аваргалж, амжилтын салхиа хагалснаар энэ спортод эргэлт буцалтгүйгээр хөл тавьжээ.

Олон хүний хараанд өртөж, ирээдүйд юм дуулгахаа харуулж эхэлсэн түүнийг дараа жил нь Японы нэгэн дасгалжуулагч "К-1"-д тулалдахыг урьснаар тулааны урлаг дахь их амжилтынх нь үүдийг нээсэн гэхэд хилсдэхгүй.
Тэрээр "К-1" холбооны анхны тулаанаа аварга асан А.Клаустай хийхдээ өдгөө "Чингисийн цавчилт" хэмээн алдаршсан өшиглөлтөө хийсэн юм.
Тэр тулааныг үзэж байсан нэгэн хүн Д.Дагвадорж аваргаас "Би өмнө нь ийм өшиглөлт ер үзээгүй. Ямар нэртэй өшиглөлт вэ. Монгол өшиглөлт үү" хэмээн гайхан асуухад нь аварга маань "Тийм ээ. Монгол өшиглөлт. Чингисийн цавчилт" хэмээн хариулсан гэдэг.

Тэр үеэс эл хоч эцэн эхийнх нь өгсөн нэрнээс дутахааргүй дуудагдсаар өдий хүрсэн. Японы "Sony" корпораци түүний "Чингисийн цавчилт" цохилтыг нэгэн тоглоомондоо оруулсан байдаг.

Ж.Нарантунгалаг гавьяат хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Чингисийн цавчилт" хэмээн дуудуулж, хүндлэгдэх сайхан байдаг ч Чингис хааны маань нэр хүнддэх вий гэж битүүхэн эмээж явдаг. Тиймээс багынхаа Тунгаа нэрээрээ л дуудуулж, дэвжээнд гардаг" хэмээн өгүүлсэн билээ. 


Сэтгэгдэл бичих