85 настай Ц.Раднаа дээд амжилт эвдэж дэлхийн аварга боллоо

Польш улсад энэ сарын 24-нөөс 30-ны  хооронд үргэлжилж буй хөнгөн атлетикийн мастеруудын ДАШТ-ээс Монгол Улс шинэ аваргатай болжээ. Тус тэмцээний эрэгтэйчүүдийн 400 метрийн зайд хурд сорьсон Ц.Раднаа түрүүлэхдээ дэлхийн дээд амжилтыг шинэчилжээ. Тэрээр 85 настай юм байна. Түүний амжилтыг 81 настай Т.Цэрэндолгор үргэлжлүүлж, бөөрөнцөг түлхэлтийн төрөлд мөнгөн медаль хүртжээ. Т.Цэрэндолгорын хувьд ОУХМ цолтой, ДАШТ-ий найман түрүүтэй бөгөөд өнгөрсөн жил тус тэмцээнээс нэг алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртэж байжээ.

Азийн дээд амжилтыг 10, улсынхыг 18 удаа шинэчилсэн Т.Цэрэндолгор ДАШТ-ий 10 мөнгө, долоон хүрэл, дөрвөн жилд нэг удаа болдог ахмадын дэлхийн наадам буюу мастеруудын олимпын алт, мөнгө тус бүр тав, дөрвөн хүрэл, Азийн АШТ-ий 11 алт, 17 мөнгө, дөрвөн хүрэл, олон улсын тэмцээний 18 алт, таван мөнгөн медальтай ажээ. Тэрээр өнгөрсөн жил Тайландад болсон олон улсын тэмцээнээс гурван алтан медаль авахдаа Азийн гурван дээд амжилтыг шинэчилсэн байна. Тэгэхдээ жад, зээрэнцэг шидэлтийн амжилтыг 22, бөөрөнцөг түлхэлтийнхийг зургаан жилийн дараа ахиулсан ажээ.


 

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

mongol - 103.26.193.672019-03-29 22:15:59

nastan tanid mongolin ard tumen bayrlalaa