Дауны холбоо Тусгай олимпоос медаль хүртсэн тамирчиддаа баяр хүргэлээ

Өнгөрөгч ням гарагт болсон “Дэлхийн Дауны Өдөр”-өөр Монголын Дауны Холбоо ТББ “Бид Хамтдаа” өдөрлөгийг зохион байгуулж, энэ үеэр Тусгай олимпоос 18 багц медаль хүртсэн тамирчин, багш дасгалжуулагчдад баяр хүргэлээ. 

Тусгай олимпийн зуны 15 дахь удаагийн наадам өнгөрсөн долоо хоногт Арабын Нэгдсэн Эмират улсын Абу Даби хотноо болж, 190 гаруй орны 7500 орчим тамирчин спортын 24 төрлөөр өрсөлдсөн билээ. Тус наадамд Монгол Улсаа төлөөлж 28 тамирчин, найман багш, эмч нарын бүрэлдэхүүнтэйгээр оролцсоноос гурван алт, долоон мөнгө, найман хүрэл медаль нийт 18 медаль хүртсэн өндөр амжилт үзүүлжээ. Оролцогч тамирчдын долоо нь дэмжин тоглогч, 21 нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд юм байна. Түүнчлэн энэ удаагийн Тусгай олимпод нийслэлээс гадна хөдөө орон нутгийн хүүхдүүдийг төлөөлж долоон аймгаас тамирчид оролцжээ.

130-р сургуулийн 4-р ангид суралцдаг Б.Амарболд сүүлийн 3 жил ширээний теннисээр хичээллэж байгаа аж. Тэрээр чөлөөт цагаараа дугуй унах, бүжиглэх дуртай гэнэ. Мөн түүний тухай баримтат кино хийж байгаа талаар бидэнд дуулгалаа. Б.Амарболдын ээж М.Батжаргал “Би энэ удаагийн наадмыг оролцуулаад гурван удаагийн Тусгай олимпыг үзсэн. 2007 онд Шанхайд болоход нөхөртэйгээ хамт үзэж байлаа. Тухайн үед Монголоос нэг ч тамирчин оролцож байгаагүй. Тэгэхэд би хүүгээ ямар нэгэн спортоор хичээллүүлэх хэрэгтэй юм байна, хүүхдүүд сурдаг юм байна гэдгийг ойлгож байсан. Миний үзсэн гурван олимпоос энэ удаагийн олимп хамгийн сайхан нь байлаа. Маш сайн зохион байгуулалттай, хайр бялхсан олимп болсон” гэлээ. 

У.Нинжбадам сүүлийн 5 жил ширээний теннисээр эрчимтэй хичээллэж байгаа бөгөөд 2015 онд АНУ-ын Лос-Анжелес хотноо болсон Тусгай олимпоос ганцаарчилсан тоглолтод мөнгөн медаль, дэмжин тоглогчтой төрөлд алтан медаль хүртэж байжээ. Харин энэ жилийн Тусгай олимпоос ганцаарчилсан төрөлд мөнгө, дэмжин тоглогчтой төрөлд хүрэл медаль хүртэн амжилтаа бататгасан байна. У.Нинжбадам одоо Монголын Дауны Холбоо ТББ-ын дэргэдэх кофе шопод ажиллаж байгаа юм. 

Сэтгэгдэл бичих