МХЕГ: 'Эко алтан заамар' компани аюулгүй ажиллагаагаа хангаагүй байсан нь нотлогдлоо

Төв аймгийн Заамар суманд орших "Эко алтан заамар" компанид гарсан ослын дүгнэлтийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас танилцууллаа.

Төв аймгийн Заамар суманд тусгай зөвшөөрөл эзэмшигч "Эко алтан заамар" компанийн үйл ажиллагаанд МХЕГ-аас хяналт шалгалт хийж, улсын байцаагчийн есөн заалттай дүгнэлтийг 2019 оны гуравдугаар сарын 18-нд гаргасан байна. Учир нь тус "Эко алтан заамар" компани нь Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны улсын комисст уурхайгаа хүлээлгэж өгөлгүйгээр үйл ажиллагаа явуулж байжээ. Мөн техник, эдийн засгийн үндэслэлүүдээ шинээр боловсруулж, түүний дагуу байгаль, орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг хийлгэхгүй үйл ажиллагаа явуулсан. Үндсэн техник, эдийн засгийн үндэслүүдэд заасан нөхцөлөөр үйл ажиллагаа явуулаагүй. Аюулгүйн ажиллагааны дүрэм мөрдөж ажиллаагүй зэрэг зөрчлүүд илэрсэн байна. Хамгийн гол нь текник, эдийн засгийн үндэслэлд усыг хэрхэн зайлуулах, уст үеэс гарч болзошгүй эрсдэлийг хэрхэн бууруулж болохыг зураг төсөлд заагаагүй нь гулсалт нуралт үүсэх гол шалтгаан болсон гэлээ.

"Эко алтан заамар" компанийн хөдөлмөрийн аюулгүй байдлыг хариуцсан ажилтан эрсдэлийн үнэлгээ хийгээд ажлын байрны зааварчилгааг журам ёсоор хийхгүй байгааг тогтоож, мөс хагарч, ажилчид мөсөнд даруулах,техник хэрэгсэл эвдрэх аюултай болохыг анхааруулсан байдаг. Үүнийг нь уурхайн захирал хүлээн авч гарын үсэг зурсан ч зөрчлийг арилгуулаагүй байна. Хэрвээ уурхайн захирал зөрчлийг арилгуулсан бол ийм харамсалтай зөрчил гарахгүй байсан хэмээн МХЕГ-ын Хөдөлмөр нийгмийн хамгаалал, тусгай хяналтын хэлтсийн дарга Л.Төгсбаяр мэдээллээ.

МХЕГ-аас дээрх дүгнэлтийг  Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад хүргүүлж, "Эко алтан заамар" компанийн үйл ажиллагааг тодорхойгүй хугацаагаар зогсоосон байна.

Харин Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар тус компанийн эзэмшиж буй дөрвөн лицензийг цуцална гэдгээ мэдэгдсэн билээ. Тэрээр МХЕГ-ын дүгнэлтийн дараа бүх лицензийг нь цуцлах үүргийг Ашигт малтмалын газрын удирдлагуудад өгсөн байна. 

Сэтгэгдэл бичих