Лука Модричод дэлхийн оны шилдэг эрэгтэй тамирчны шагнал гардуулав


Европын хөлбөмбөгийн АШТ-ий урьдчилсан шатны анхны тоглолт Хорват, Азербайжаны шигшээ багуудын хооронд болохын өмнө Олон улсын спортын хэвлэлийн холбоо буюу AIPS-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Юра Озмец 2018 оны шилдэг эрэгтэй тамирчны шагналыг Хорватын 33 настай хагас хамгаалагч Лука Модричод гардуулжээ.

Лука Модрич AIPS-ийн гишүүдийн дунд энэ оны нэгдүгээр сард болсон санал асуулгаар хамгийн их оноо (419) авч нэр хүндтэй энэ шагналын эзэн болсон байна. Харин мэргэжлийн теннисчид Новак Жокович 337, Рожер Федерер 290, хөлбөмбөгчин Килиан Мбаппе 289, “Формула 1” уралдааны Льюис Хэмилтон 266 санал тус тус авч удаалжээ.

Лука Модрич 2018 онд Мадридын “Реал”-ын хамт гуравдахь удаагаа Аваргуудын лигт түрүүлж, Хорватын шигшээ багийг дэлхийн дэд аварга болоход үнэтэй хувь нэмэр оруулсын юм. Өмнө нь тэрээр ФИФА-гийн оны шилдэг хөлбөмбөгчнөөр тодорч, улмаар “Алтан бөмбөг” шагнал гардсан билээ.

Б.Туг

Сэтгэгдэл бичих