Ази тивийн шилдэг залуу бөхчүүд Улаанбаатарт хүчээ сорьж эхэллээ

Бөхийн төрлүүдийн 23 хүртэлх насанд хүрэгчдийн “Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн” өнөөдөр “Буянт-Ухаа” спортын ордонд эхэлж байна.


Энэхүү анхдугаар тэмцээнд Монгол, Иран, БНХАУ, Казахстан, Узбекистан, Киргиз, Сингапур, Тажикистан, Туркменистан, Тайвань, Йемень, Энэтхэг гэсэн 12 орны 200-гаад тамирчин хүч хүч ур чадвараа сорих юм.


Манай улсаас бөхийн гурван төрөлд /сонгомол бөх, чөлөөт бөх эрэгтэй, эмэгтэй/ 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт Г.Ганхуяг, Ц.Намуунцэцэг, залуучуудын ДАШТ-ий мөнгөн медальт Э.Дэлгэрмаа, Б.Халиунаа, хүрэл медальт Э.Тэмүүлэн, өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл медальт Б.Хонгорзул, өсвөр үеийн Ази тивийн аварга Т.Тулга, Ө.Пүрэвсүрэн тэргүүтэй 30 тамирчин хүч үзэх юм. 


Харин гадаадын тамирчдаас насанд хүрэгчдийн Азийн АШТ-ий хүрэл медальт, өсвөр үе, залуучуудын Азийн аварга Улукбек Жолдошбеков /Киргиз/, 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт Довлетмурат Оразгылыджов /Туркменистан/, залуучуудын ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Ахмад Базригалех /Иран/, өсвөр үе, залуучууд, 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт Жамила Бакбергенова, 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл, залуучуудын ДАШТ-ий мөнгөн медальт Марина Седнева, өсвөр үеийн ДАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт Светлана Анкичева /бүгд Казахстан/ тэргүүтэй өсч яваа шилдэг тамирчид Улаанбаатарын дэвжээнээ хүч, ур чадвараа сорино. Тус тэмцээн гуравдугаар сарын 24-нд өндөрлөнө.

Сэтгэгдэл бичих