Бадархундага нуураас хулгайлсан мөнгөн аягануудыг улсын орлого болгов

Завхан аймгийн Отгон сумын нутаг дэвсгэрт Бадархундага нуураас олон тооны мөнгө аяга хулгай хийж, улмаар эл үйлдлээ далдлахын тулд галт зэвсэг хэрэглэсэн этгээдүүдийн хэргийг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард шүүхэд шилжүүлсэн билээ.

Хэргийг эргэн сануулахад, Отгонтэнгэр хайрхан уулын урд энгэр  Бадархундага нуураас 279 ширхэг мөнгөн аяга авахдаа, хойноос нь хөөсөн иргэдийг  буудаж, эд зүйлсийг нь авсан гэмт хэрэг өнгөрсөн оны есдүгээр сард гарсан.
Эл хэргийг Д, Т нарын гурван хүн үйлдсэн бөгөөд хохирогч нарыг “ТОЗ-8” маркийн галт зэвсгээр буудаж алахыг завдан, эрүүл мэндэд нь хөнгөн, хүндэвтэр гэмтэл учруулсан байдаг. Түүнчлэн дээрх этгээдүүд галт зэвсэг хэрэглэж хохирогчдоос гар утас, гэрэл зургийн аппарат, “Toyota Landcruiser-200” маркийн автомашин авсан нь мөрдөн байцаалтын ажиллагаагаар тогтоогджээ.

Энэ хэргийг Завхан аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцэж, Ц.Даваабатад гурван жил найман сар хорих ял шийтгэжээ. Харин хэрэг гарах үед түүнтэй хамт байсан хоёр холбогдогчийн үйлдлийг прокурор хэрэгсэхгүй болгосон аж.

Шүүхээс тэдний гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан усанд шумбагчийн хувцас, тусгай хэрэгслийг “Этүгэн” сургуулийн харьяа усан спортын сургалтын төвд буцааж өгөхөөр шийдсэн бол нуураас гаргаж авсан 279 ширхэг мөнгөн аягыг улсын орлого болгожээ.

Сэтгэгдэл бичих