Гадаад паспортыг ирэх долоо хоногоос хэвийн олгож эхэлнэ

Зарим иргэд Улсын бүртгэлийн ерөнхий газарт гадаад паспорт шинээр авахаар материалаа өгсөн боловч одоо хүртэл гарахгүй байна гэсэн гомдлыг хэлж байна. Сошиалд тус газрын гадаад паспорт хэвлэдэг машин нь эвдэрсэн, хэвлэх үйлдвэрт нь гэмтэл гарсан гэх мэдээлэл цацагдах болсон. Гадаад паспорт хэвлэхгүй байгаа шалтгааныг Улсын бүртгэлийн ерөнхий газрын мэргэжилтнээс тодрууллаа.

Энэ талаар тус газрын Тамгын газрын ахлах мэргэжилтэн Ч.Нямцэцэг мэдээлэл өгсөн юм. Тэрбээр “Зарим иргэдийн ярьж байгаа шиг гадаад паспорт хэвлэдэг машин болон үйлдвэрт гэмтэл огт гараагүй. Улсын бүртгэлийн ерөнхий газраас иргэний үнэмлэх, гадаад паспорт цахимаар захиалах болсонтой холбоотойгоор программын шинэчлэлийг хийж байна. Энэ системийн өөрчлөлтөөс болж иргэдийн гадаад паспортын захиалга өнгөрсөн долоо хоногт түр саатаж, удааширсан. Гэхдээ гадаад паспорт зайлшгүй шаардлагатай, хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийн өргөдлийг хүлээн авч, хугацаанаас нь өмнө паспортыг нь гаргаж өгч байгаа. Энгийн өдрүүдэд гадаад паспортны захиалга ажлын тав хоногийн хугацаанд гардаг юм. Энэ сарын 16, 17-нд буюу амралтын өдрүүдэд хүлээгдэж буй гадаад паспортуудыг хэвлэж, ирэх долоо хоногийн даваа гаригаас хэвийн олгож эхэлнэ” гэв.

Сэтгэгдэл бичих