Түрээсийн орон сууцанд төрийн албан хаагч, 4-өөс дээш хүүхэдтэй гэр бүлийг оруулна

“Түрээсийн орон сууц” хөтөлбөрийн хүрээнд энэ жил улсын хэмжээнд нийт 1542 айлын орон сууц шинээр ашиглалтад орох юм байна. Үүнээс 972 орон сууц “Буянт-Ухаа II” хороололд ирэх зургадугаар сард ашиглалтад орох аж.  Үүний дараа тодорхой хэсгийг нь иргэдэд түрээсийн шугамаар түрээслэхээр болжээ. Харин Хөвсгөл аймагт баригдсан 120 айлын орон сууцыг Улсын комисст хүлээлгэж өгсөн бол Говь-Алтай, Орхон аймагт баригдаж байгаа орон сууцыг энэ онд багтаан ашиглалтад оруулах юм. Түрээсийн орон сууц хөтөлбөр Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Барилга, хот байгуулалтын яамны захиалгаар баригдаж байгаа юм байна. Эдгээр орон сууц ашиглалтад орсны дараа түрээслүүлэх бүртгэлийг албан ёсоор эхлүүлнэ.

Одоогоор бүртгэлийн программ хангамж бэлэн болсон байна. Засгийн газрын хуралдаанаар түрээсийн орон сууц хөтөлбөрийг эхлүүлэх албан ёсны чиглэл гаргасны дараагаар иргэдийг бүртгэж эхлэх аж.

Түрээсийн орон сууц хөтөлбөрт зорилтот найман бүлэг буюу залуу гэр бүл, төрийн албан хаагч, хувийн хэвшилд ажиллагсад, хувиараа хөдөлмөр эрхлэгчид, өрх толгойлсон эцэг, эх, 0-18 насны дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүл, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, тэдгээрийг халамжилдаг гэр бүл, байгалийн гамшигт нэрвэгдэж орон гэргүй болсон өрхийг хамруулах юм байна.

Үндсэн шаардлагыг хангасан иргэдэд гэр хороололд амьдардаг, өөрийн өмчлөлийн инженерийн бүрэн хангамжтай орон сууцгүй, тогтмол орлоготой байх, орлого нь түрээс болон ашиглалтын төлбөр, өрхийн зардлаа хангахад хүрэлцээтэй байх ёстой юм байна. Мөн хотод амьдардаг бол нийслэлийн иргэн, хөдөө, орон нутагт бол тухайн газраа харьяалалтай байх ёстой зэрэг шалгуурыг тавих юм.

Түрээсийн төлбөрийн хувьд одоогоор тогтсон үнэ гараагүй юм байна. 2017 онд нийслэлд нэг м.кв нь 6000 төгрөг, орон нутагт 4500 төгрөг байхаар шинэчлэн тогтоосон байдаг. Энэ жишиг үнэ энэ жил дахин мөрдөгдөх эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа юм байна.


Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

Зочин - 122.201.19.992019-03-14 15:38:58

хувын хэвшилд ажилж байгаа хүмүүс хүн биш юм уу ТӨРИЙН албанд ар өвөрын хаалгаар л мөнгөөр ажилд ордог ингэж чадаагүй хувийн хэвшилд ажилсан нь буруу юм уу тээ