Роналдугийн хет трик ба “Манчестер Сити”-гийн гоолын үер


Аваргуудын лигийн шөвгийн 16-гийн хариу тоглолтууд өчигдөр эхэллээ.

"Ювентус" (Итали) - "Атлетико" (Испани) - 3:0 (эхний тоглолт – 0:2)

Гоолууд: Криштиану Роналду, 27 (1:0). Криштиану Роналду, 48 (2:0). Криштиану Роналду, 86 - пеналти (3:0).

Эхний тоглолтдоо Мадридад 2:0-ээр “Атлетико”-д хожигдсон “Ювентус” тоглолтын эхний минутаас л идэвхтэй довтолж эхэлсэн. Зочин багийнхан хэдийгээр хэд хэдэн аюултай сөрөг довтолгоо хийсэн ч “Ювентус”-ын түрэлтийг хэрхэн зогсоохоо сайн мэдэхгүй байгаа нь илт ажиглагдаж байв.

Ингээд, Италийн “Сери А”-гийн “Удинезе”-тэй хийсэн тоглолтыг өнжиж амарсан гандан бууршгүй Криштиану Роналду 27 дахь минутад “Атлетико”-гийн хаалганд эхний гоолыг мөргөж оруулсан. Хоёрдугаар үеийн эхэнд Португалийн од тэрээр дахин мөргөхөд “Атлетико”-гийн хаалгач Облак бөмбөгийг хааж дөнгөсөн юм. Гэвч шүүгч давталт харан бөмбөг хаалганы шугамыг давсаныг тогтоон гоолыг тооцжээ.

Тоглолт өндөрлөхөөс дөрвөн минутын өмнө “Атлетико”-гийн Корреа торгуулийн талбайдаа Бернардескиг түлхэн унагахад Холландын шүүгч Кайперс шууд 11 метрийн цэг рүү заасан. Торгуулийн цохилтыг мэдээж Криштиану Роналду гүйцэтгэж, тэгээд мэдээж гоол оруулсан.

Ийнхүү Криштиану Роналдугийн хет трикийн ачаар “Ювентус” Аваргуудын лигийн дараагийн шатанд шалгарлаа.

"Манчестер Сити" (Англи) - "Шалке-04" (Герман) - 7:0 (эхний тоглолт – 3:2)

Гоолууд: Агуэро, 35 - пеналти (1:0). Агуэро, 38 (2:0). Л.Сане, 42 (3:0). Стерлинг, 57 (4:0). Бернарду Силва, 71 (5:0). Фоден, 78 (6:0). Габриэл Жезус, 84 (7:0).

            Английн Премьер лигийг тэргүүлж буй “Манчестер Сити” Германы Бундеслигт сүүл мушгих болсон “Шалке-04”-т ямар ч боломж олголгүй 7:0-ээр бутниргэлээ. Өмнөх тоглолтод өрсөлдөгчөө талбай дээр нь 3:2-оор хожсон “Манчестер Сити” тэнцэхэд л хангалттай байлаа.



            Гэвч Аваргуудын лигт өрсөлдөгчдөө талбай дээр нь хожсон “Пари Сен Жермен”, “Реал” багууд дараагийн шатанд шалгарч чадаагүй бодолцсон уу, Хосеп Гвардиола шилдэг тоглогчдоо талбай дээр гарган ёстой л гоолын үер буулгасан.

            Аваргуудын лигийн шөвгийн наймд одоогоор “Ювентус”, “Манчестер Сити”-гээс гадна Холландын “Аякс”, Португалийн “Порту”, Английн “Манчестер Юнайтед”, мөн Английн “Тоттенхэм Хотспур” багууд шалгараад байна.

Б.Туг 

Сэтгэгдэл бичих