Зинедин Зидан “Реал”-д эргэн ирлээ


Алжир гаралтай Францын алдарт хөлбөмбөгчин, дасгалжуулагч Зинедин Зидан эзэн хааны баг гэгддэг  Мадридын “Реал”-ын ахлах дасгалжуулагчаар дахин ажиллах болсон тухай тус багийн албан ёсны цахим хуудаст бичжээ.

“Реал” Зинедин Зидантай 2022 оны зургадугаар сарын 30 хүртэл хамтран ажиллах гэрээ байгуулсан аж. Харин одоогийн ахлах дагсгалжуулагч Сантьяго Солари “Реал”-ын бүтэц бүрэлдэхүүнд үлдэх юм байна. “Реал”-ын захирлуудын зөвлөл өчигдөр хуралдан ийм шийдвэрт хүрчээ.

“Реал”-ын дасгалжуулагч ганц улирлын дотор ийнхүү гуравдахиа солигдлоо. Өөрийн хүсэлтээр “Реал”-ыг орхисон Зинедин Зиданы оронд эзэн хааны багийг удирдсан Хулен Лопетеги өнгөрсөн оны аравдугаар сард халагдаж байсан юм.

“Реал” Испанийн Ла Лигт тэргүүлж буй “Барселон”-оос 12 оноогоор дутуу гуравт явж байгаа бөгөөд өнгөрсөн долоо хоногт Аваргуудын лигээс мултарчээ. Зинедин Зиданы удирдлага дор “Реал” гурав дараалан Аваргуудын лигт түрүүлж нэг удаа Испанийн аварга болжээ.

Б.Туг

 

Сэтгэгдэл бичих