Аваргуудын лигт гоолгүй “хар зуд” нүүрлэсэн өдөр


            Цасгүй тарчиг өвлийг хар зуд гэдэг шиг Аваргуудын лигт өчигдөр гоолгүй “хар зуд” нүүрлэсэн гэмээр.

Аваргуудын лигийн “дэлдэн” цомыг 2015 оноос хойш өргөөгүй “Барселон” Францын “Лион”-ыг талбай дээр нь тоглолтын турш илүүрхсэн ч гоол оруулж хүчирсэнгүй. Лионел Месси, Усман Дембеле, Серхио Бускетс, Луис Суарес нарт “Лион”-ы хаалгыг мялаах таатай боломж гарсан ч ашиглаж чадаагүй юм.

Хэрэв тоглолтын 10 дахь минутад Францын багийн Мартен Террьегийн өшиглөсөн бөмбөгийг “Барселон”-ы хаалгач Тер Штеген хааж хөндлөвч рүү шилжүүлээгүй бол Испанийн алдарт баг хожигдож ч болох байв.


Тэгвэл 29 жилийн дараа Английн Премьер лигт аваргалахын төлөө зүтгэж буй “Ливерпул” “Энфилд” цэнгэлдэх хүрээлэнд Германы “Байерн”-ы хамгаалалтын шугамыг сэтэлж мөн л чадсангүй.

Бүтэн багаараа хамгаалсан “Байерн” тоглолтын турш “Ливерпул”-ийн хаалганд нэг ч удаа ноцтойгоор заналхийлээгүй юм. Харин “Байерн”-ы хаалгач Нойер хэд хэдэн удаа багаа аварснаар тоглолт 0:0 харьцаатай өндөрлөсөн.

Иймд Аваргуудын лигийн шөвгийн наймд эдгээр хоёр хосоос аль нь шалгарах нь хариу тоглолтоор л шийдвэрлэгдэх нь.

Б.Туг  

 

Сэтгэгдэл бичих