Н.Түвшинбаяр, Д.Сумъяа нар Германы “Их дуулга”-д өрсөлдөнө

Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулах “Их дуулга” тэмцээн Германы Дюсселдорф хотод хоёрдугаар сарын 22-24-ний өдрүүдэд болно. 2019 оны хоёр дахь “Их дуулга”-д 97 орны 683 жүдоч өрсөлдөхөөс Монгол улсын эрэгтэй арав, эмэгтэй есөн тамирчин оролцохоор мэдүүлгээ өгчээ.

Энэ удаагийн багт олимпийн алт, мөнгөн медальт Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр, олимпийн хүрэл медальт Хөдөлмөрийн баатар Д.Сумъяа нарын тамирчид өрсөлдөхөөр болсон байна. Тодруулбал, 66 кг-д Д.Төмөрхүлэг, Ё.Басхүү, 73 кг-д гавьяат тамирчин Г.Одбаяр, Ц.Цогтбаатар, 81 кг-д Н.Дагвасүрэн, 90 кг-д Г.Алтанбагана, 100 кг-д Л.Отгонбаатар, О.Хангал, +100 кг-д Ө.Дүүрэнбаяр, Н.Түвшинбаяр нар барилдахаар болсон байна.

Мөн эмэгтэйчүүдийн 48 кг-д Г.Наранцэцэг, 52 кг-д Б.Хорлоодой, Л.Сосорбарам, 57 кг-д Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Д.Сумъяа, 63 кг-д Б.Ганхайч, 70 кг-д Б.Баасанжаргал, С.Лхагвадулам, -78 кг-д С.Сэржмядаг, +78 кг-д Э.Гандиймаа нар өрсөлдөхөөр мэдүүлгээ өгчээ. Германы Дюсселдорф хотод болох “Их дуулга” тэмцээнд олимп, ДАШТ-ий медальт олон шилдэг тамирчид зодоглохоор болжээ.

Сэтгэгдэл бичих