Халдлагаас хамгаалах цахилгаан дотуур хувцас бүтээжээ

Орчин үед дотуур хувцас их олон янзаар, төрөл бүрийн зориулалтаар гарах болжээ. Гоёлын, эмчилгээний, хэлбэржүүлэх гэх мэт нь өргөн хэрэглэгдэж байгаа бол хамгийн сүүлийн үеийн шийдэл нь бие хамгаалах зориулалттайгаар хийгдэж байна. Эмэгтэйчүүд эрчүүдийн өмнө хүчин мөхөстөж, хүчирхийлэлд өртөх үзэгдэл гарсаар байгаа. Харин орчин үед эмэгтэйчүүд бие хамгаалах шинэ боломж нээгдэж байгаа нь хүчирхийлэгчийг эсэргүүцэх цахилгаан гүйдэл ялгаруулдаг дотуур хувцас юм.     

Өнгөрсөн арванхоёрдугаар сард Энэтхэгийн нийслэл Дели хотод 23 настай эмэгтэйг автобусанд явж байхад нь зургаан эр хүчирхийлж улмаар амь насанд нь хүрсэн аймшигт хэрэг гарсан. Түүний дараа ч цуврал хүчингийн хэргүүд гарсаар байлаа. Энэтхэг эмэгтэйчүүд эдгээр хэргүүд гарч эхэлсэн цагаас эхлэн гудамж талбайд жагсаал цуглаан хийж хүчирхийллийн эсрэг зогсоцгоох болсон. Эмэгтэйчүүдээ хамгаалахыг хичнээн хүссэн ч төр засгийн зүгээс дорвитой алхам хийж чадахгүй өнөөг хүрээд байна.

Харин саяхан Энэтхэгийн “Нисэх хүчний инжинерийн сургууль”-ийн Маниша Мохан ахлагчтай хэсэг оюутнууд эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг дотуур хувцас зохион бүтээсэн байна. Энэ хувцасны тусламжтайгаар охид бүсгүйчүүд хэн нэгний дарамт хүчирхийллийг эсэргүүцэхэд хүрэлцэхүйц хүчтэй болох гэнэ. Учир нь энэ хувцас  өөрөөсөө цахилгаан ялгаруулдаг бөгөөд хүчирхийлэхийг завдсан хүмүүс цахилгаан гүйдэлд цохиулах юм.

Хувцас нимгэн, торгон материалаар хийгдсэн бөгөөд дотуур нь утсан холболт хийж өгчээ. Гэхдээ гаднаас харахад энгийн хувцаснаас огт ялгарахгүй. Энэ хамгаалалтын цахилгаан дотуур хувцас нь 3800 киловольтын цахилгаан гүйдэл ялгаруулж хүч хэрэглэх гэсэн этгээдийг эсэргүүцэх ажээ. Тусгай зориулалтын энэ хувцас нь эмэгтэйн биед нөлөөлөхгүй. Учир нь хувцаснаас ялгарах цахилгаан гадагшаа чиглэхүйцээр тоноглолыг суурилуулсан байх аж.

Мөн түүнд GPS суурилуулжээ. Хувцас худалдан авсан эмэгтэйчүүд амьдарч буй хот, дүүргийнхээ цагдаагийн газарт бүртгүүлэн холбуулна. Хүчирхийлэлд өртөж буй эмэгтэй тусгай зориулалтын товчлуур дарснаар цагдаагийн газарт мэдээлэл ирэх юм. Энэ мэтчилэн эмэгтэйчүүдийн хүчирхийллийг зогсоох арга замыг тус улсын залуу зохион бүтээгчид эрэлхийлсээр байна. Зохион бүтээгчид тусгай зориулалтын энэ хувцсыг “SНЕ” хэмээн нэрлэжээ.

Энэ шинэ төрлийн дотуур хувцсыг ирэх сараас үйлдвэрлэж зургаадугаар сар гэхэд худалдаанд гаргах төлөвлөгөөтэй байна. Шинэ төрлийн энэхүү дотуур хувцасны эрэлт нэлээд их байгаа гэнэ. Худалдаанд гарвал хувцас хурдан борлуулалттай зарагдах нь гэсэн зах зээлийн судалгаа ч мөн гарчээ.

Хэрэв энэ хувцас амжилттай бүтээгдэж, хүмүүсээс өндөр үнэлгээ авч чадвал дэлхийн зах зээлд ч мөн маш хурдан түгнэ. Ингэснээр эмэгтэйчүүдэд тохиолдох бэлгийн хүчирхийлэл багасна хэмээн найдаж байна.

Х.Төгөл

 

Сэтгэгдэл бичих