Ц.Цогтбаатар мөнгө, Д.Амартүвшин хүрэл медаль хүртэв

Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулж буй энэ оны анхны “Их дуулга” тэмцээн Францын Парис хотод өчигдөр эхэллээ. 97 орны 572 /эрэгтэй 336, эмэгтэй 236/ жүдоч өрсөлдөж байгаа тус тэмцээнд олимп, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний медальт олон тамирчин өрсөлдөж байна.

Манай улсаас эрэгтэй 13, эмэгтэй найман тамирчин Парисын “Их дуулга”-д өрсөлдөж байгаа бөгөөд өчигдөр дэвжээнд гарсан тамирчдаас хоёр нь медалийн тавцанд зогслоо.

Эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд Ц.Цогтбаатар мөнгө, 60 кг-д Д.Амартүвшин хүрэл медаль хүртсэн бол эмэгтэйчүүдийн 48 кг-д Г.Наранцэцэг, 52 кг-д М.Уранцэцэг нар шагналт тавдугаар байрт орлоо.

Эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд нийт 58 жүдоч барилдсанаас “А” хэсэгт Ц.Цогтбаатар Буркино Пасо, Молдав, Израйлын бөхчүүдийг ялж, наймд үлдсэн. Улмаар хэсгийн аваргын төлөө Гүржийн бөх, олимпийн аварга Лашаг вазари үнэлгээгээр, хагас шигшээд Косовогийн Акил Гжаковаг цэвэр ялж аваргын алтан медалийн төлөө барилдлаа. Манай бөх Японы бөх Хашимото Сочид ялагдаж, Парисын “Их дуулга”-ын дэд аварга болов.

Мөн эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд нийт 36 бөх барилдсанаас “С” хэсгийг тэргүүлсэн гавьяат тамирчин Г.Амартүвшин Алжир, Франц, Израйлын жүдочдыг ялж, хагас шигшээд үлдсэн юм. Тэрбээр дэлхийн аварга, олимпийн мөнгөн медальт Казахстаны Е.Сметовд ялагдан хүрэл медалийн төлөөх барилдаанд Нидерландын Томикегийг ялж медалийн тавцанд зогссон юм.

Тэмцээний эхний өдөр Япон улсын баг тамирчид 4 алт, 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртсэн амжилттайгаар тэргүүлж эхэлсэн бол Канад /1+1+0/, Франц /1+0+2/, Молдав /1+0+0/, Гүрж  /0+1+2/, Монгол /0+1+1/ удаалж байна.

Тэмцээн өнөө шөнө хоёр дахь өдрөө үргэлжлэн явагдана.

Сэтгэгдэл бичих