Ц.Цогзолмааг огцруулж, Я.Содбаатарыг чөлөөллөө

УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар  есөн асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Хуралдааны эхэнд Засгийн газрын гишүүн-Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдыг огцруулах тухай  асуудлыг хэлэлцлээ.
Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс Засгийн газрын гишүүн-Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмааг огцруулах саналаа УИХ-д өргөн мэдүүлсэн юм. Хэлэлцүүлгийн үеэр БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, богино хугацаанд энэ салбарт гар нийлэн хамтарч, бас  дэмжлэг үзүүлж ажилласан Засгийн газрын тэргүүн, танхимын гишүүд, салбарынхандаа талархал илэрхийлэхийн зэрэгцээ, улстөрчийнхөө хувьд ёс зүйг эрхэмлэн дээдэлдэг учир улстөрийн шийдвэр гаргасныг ойлгохыг хүссэн гэлээ.  Ингээд хуралдаанд оролцсон гишүүдийн 71,4 хувь нь  Ц.Цогзолмааг огцруулахыг дэмжлээ.

Үргэлжлүүлэн ЗТХ-ийн сайд Я.Содбаатарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэв.     Я.Содбаатар нь жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн асуудалд нэр холбогдсон тул ёс зүйн хариуцлага хүлээж, Засгийн газрын-Зам тээрвийн хөгжлийн сайдын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ Ерөнхий сайдад албан ёсоор гаргасан юм. Хэлэлцүүлгийн үеэр ЗТХ-ийн сайд Я.Содбаатар, Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сантай миний хамаарал бүхий компани нэр холбогдсон. Энэ асуудлаар хууль шүүхийн байгууллага шалгаж байгаа бөгөөд удахгүй ус, тосыг нь ялгаад гаргана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлээд, улстөрчийн хувьд ёс зүйг эрхэмлэдгийн хувьд үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасан  гэдгээ хэллээ.

Ингээд ЗТХ-ийн сайд Я.Содбаатарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 69,1 хувь нь  дэмжлээ.

Сэтгэгдэл бичих