Дэлхийн теннисчдийн жагсаалтыг анх удаа Азийн эмэгтэй тэргүүллээ


            Хэдхэн хоногийн өмнө Японы 21 настай теннисчин бүсгүй Наоми Осака Австралийн нээлттэй тэмцээний финалд Чехийн Петра Квитоватай хоёр цаг 27 минутын турш ширүүн тэмцэлдсэний эцэст 7:6, 5:7, 6:4 харьцаатай хожин цом ба 4.1 сая долларын эзэн болсон билээ. Тэрээр өнгөрсөн оны сүүлээр АНУ-ын нээлттэй тэмцээнд алдарт Серена Вильямсыг хожин дуулиантайгаар аваргалсан бөгөөд Гранд сламын хоёр тэмцээнд ийнхүү дараалан түрүүлсэн юм.

            Ингэснээр Наоми Осака 7030 оноотойгоор Дэлхийн теннисийн холбоо буюу WTA-гийн эмэгтэй теннисчдийн жагсаалтыг тэргүүлж, 6290 оноотой Петра Квитова удаалж, харин өнгөрсөн оны хоёрдугаар сараас тус жагсаалтыг тасралтгүй манлайлж явсан Румыний Симона Халеп (5582 оноотой) гуравт бичигджээ.

            Наоми Осакагаас өмнө мэргэжлийн теннисийн түүхэнд эрэгтэй, эмэгтэй теннисчдийн жагсаалтын аль алиныг Азийн төлөөлөгч тэргүүлж байсан удаагүй аж. Гэтэл ердөө жилийн өмнө тэрээр жагсаалтын 72-т бичигдэж байжээ. Жилийн дотор ТОП-20-ийн гаднаас жагсаалтын эхэн хүртэл цойлсон нь эмэгтэй теннисийн түүхэнд мөн тохиож байсангүй.

Б.Туг

Сэтгэгдэл бичих