Эрика Леонард Жеймсийн шинэ эротик ном “Мистер” нэртэй


Дэлхий даяар 100 сая гаруй хувиар борлогдож, олон тэрбум долларын ашигтай цуврал киноны эхийг тавьсан дуулиант “Саарлын тавин өнгө” (“Fifty Shades of Grey”) номыг зохиосон 55 настай Английн зохиолч эмэгтэй Эрика Леонард Жеймсийн шинэ эротик ном ирэх дөрөвдүгээр сарын 16-нд худалдаанд гарах ажээ.

Орчин үеийн Үнсгэлжингийн тухай өгүүлэх насанд хүрэгчдэд зориулсан үлгэр хэмээн сурталчилж буй шинэ эротик ном нь “Мистер” (“The Mister”) нэртэй юм байна.  Хэвлэн нийтлэгчийн хэлснээр, тус номын үйл явдал Английн Лондон, Корнволлоос гадна Зүүн Европт өрнөдөг ба Английн нөлөө бүхий залуу язгууртан Максим Тревелиан болон аюулаар дүүрэн амьдрал туулаад Англид дөнгөж хөл тавьсан бүсгүй Алессиа Демачи нарын хайр дурлалын тухай өгүүлдэг ажээ. 

Зохиолч Эрика Леонард Жеймс шинэ номынхоо тухай ярихдаа, “Энэ бол XXI зууны Үнсгэлжийн түүх. Максим, Алессиа хоёр намайг маш сонирхолтой аялалд хөтөлсөн. Тэдний адал явдлаар дүүрэн хайр дурлал уншигчдад таалагдана гэдэгт найдаж байна” гэжээ.

Б.Туг

 

Сэтгэгдэл бичих