СЗХ-ноос Үнэт цаасны зарим компанийн үйл ажиллагааг хязгаарлажээ

Үнэт цаасны зах зээлд үйл ажиллагаа явуулж буй зарим байгууллага хуулийн дагуу СЗХ-ноос тогтоосон хөрөнгийн доод хэмжээг хангаж ажиллахгүй байгаа талаар мэдэгдээд байна.  

Тодруулбал, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн СЗХ-ноос хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг үнэт цаасны зах зээлд хөрөнгө оруулалтын зөвлөхийн үйл ажиллагаа эрхлэх бол 30 сая, үнэт цаасны брокерын үйл ажиллагаа эрхлэх бол 100 сая, дилер хийх бол 200 сая, андеррайтер нэг тэрбум төгрөг байхаар 2016 онд тогтоож, 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөж эхэлсэн юм. Гэвч зарим нэр бүхий үнэт цаасны компани өнөөдрийг хүртэл хувь нийлүүлсэн хөрөнгөө зохих хэмжээнд хүргэхгүй, зах зээлийн зуучлалын үүргээ хэрэгжүүлэхгүй, СЗХ-ноос тавьж байгаа шаардлага, шалгуурыг хангаж ажиллахгүй байгаа тул зах зээлийн оролцоог хязгаарлаж байгаагаа албан ёсоор мэдэгдэж байна.

СЗХ-ноос мөрдүүлж буй шаардлага, шалгуур, зохистой харьцааг хангахгүй бол хууль тогтоомжийн дагуу шат дараалсан арга хэмжээ авахыг анхааруулсан байна.

Хязгаарлалт хийсэн компаниас үнэт цаасны андеррайтер, брокер, дилерийн үйлчилгээ авах нь эрсдэлтэй болохыг хөрөнгө оруулагч иргэн, бизнесийн байгууллага, ААН-үүдэд анхааруулж, үйлчилгээ үзүүлэгч компанийхаа санхүүгийн болон үйл ажиллагааны үзүүлэлтийг сайтар нягтлан, хязгаарлалттай холбоотой мэдээллээр СЗХ болон бусад албан ёсны эх сурвалжид хандахыг зөвлөжээ.

Сэтгэгдэл бичих