НӨАТ-ын буцаалтыг Сангийн яаманд шилжүүлжээ

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль 2016 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхэлсэн. НӨАТ-ын тухай шинэ хууль хэрэгжиж эхэлснээс хойш иргэн, аж ахуйн нэгж худалдан авсан бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийн дүнгийн хоёр хувийг буцаан авч, сард хоёр удаа сугалаанд оролцох боломжтой болсон. Мөн иргэн бүр худалдан авалтынхаа үнийн дүнгийн 20 хүртэл хувийг буцаан авч, татвар төлснийхөө урамшуулалд сугалаагаар мөнгө хожих боломжийг хуульчилсан юм.

 

Тэгвэл сар шинийн баяр дөхсөн энэ өдрүүдэд иргэд 2018 оны НӨАТ-ын буцаан олголт хэзээ эхлэхийг лавлаж, чих тавин хүлээж байна.

 

Татварын ерөнхий газраас Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн дагуу албан татвар төлөгчийн тухайн татварын жилд албан татвар суутган төлөгчтэй хийсэн худалдан авалтад төлсөн албан татварын 20 хувийг буцаан олгуулахаар иргэдийн мэдээллийг  хянан баталгаажуулж, Сангийн Яаманд хүргүүлжээ. НӨАТ-ын буцаан олголтыг Сангийн яамнаас иргэдийн данс руу шилжүүлдэг бөгөөд одоогоор буцаан олголт өгөгдөж эхлээгүй байна.

 

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн дагуу Сангийн Яам ажлын 45 өдөрт багтаан буцаан олгох шийдвэрийг гаргаж, Монгол банкаар дамжуулан татвар төлөгчийн харилцагч банкруу буцаан олголтыг шилжүүлдэг. 

 

Иргэдэд сануулахад хоёр болон түүнээс дээш аккаунттай хэрэглэгчийн НӨАТ-ын буцаан авалтыг шилжүүлэх боломжгүй учир давхар бүртгүүлсэн олон аккаунттай хэрэглэгчид бүртгэлээ нэгтгэх шаардлагатай. Хэрэв бүртгэлийн мэдээлэл дутуу, алдаатай бол гүйлгээ буцаагдана. Энэ тохиолдолд татварын албанаас бүртгэлийн мэдээллээ засварласнаар буцаан олголтоо авах боломжоор хангагдах юм.

 

Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу хувь хүн өөрийн орлого болон банк, санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хөрөнгөөр амьдран суух зориулалтаар анх удаа хувьдаа орон сууцны барилга барих, эсвэл худалдан авахад зарцуулсан 30 сая төгрөгөөс дээшгүй хэмжээний хөрөнгөтэй тэнцэх орлогоо татвар ногдуулах орлогоос чөлөөлүүлдэг.

 

Мөн албан татвар төлөгчийн төрсөн буюу үрчилсэн хүүхэд гадаад, дотоодын их, дээд болон мэргэжлийн боловсролын сургууль, коллежид элсэн суралцаж байгаа бол түүний сургалтад төлсөн, баримтаар нотлогдож байгаа төлбөрийн хэмжээгээр, татвар ногдуулах орлогоос чөлөөлүүлэн албан татварын хөнгөлөлт эдэлдэг.

Сэтгэгдэл бичих