Америкийн түүхэн дэх хамгийн удаан төсвийн хямрал “shutdown” үргэлжилж байна


            Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 22-нд эхэлсэн АНУ-ын Засгийн газрын үйл ажиллагааны хэсэгчилсэн түр зогсолт буюу “shutdown” тус улсын түүхэнд хамгийн удаан буюу 22 дахь хоногтоо үргэлжилж буй тухай “Reuters агентлаг мэдээллээ.

            Өмнө нь 1995 оны арванхоёрдугаар сараас 1996 оны нэгдүгээр сард Ерөнхийлөгч Билл Клинтоны үед “shutdown” 21 хоног үргэлжилж байжээ. Тэгэхэд АНУ-ын Конгресс дахь Бүгднайрамдах намынхны эрүүл мэнд, боловсрол, байгаль хамгааллын хөтөлбөрүүдийн санхүүжилтийг багасгах саналыг Билл Клинтон тэргүүтэй Ардчилсан намынхан эрс эсэргүүцсэнээс Холбооны төсвийг баталж чадахгүй удсан аж.

            Харин өдгөө Доналд Трамп тэргүүтэй Бүгднайрамдах намынхан төсөвт АНУ-Мексикийн хилийн дагуу хана босгоход 5.7 тэрбум ам.доллар суулгахыг хүсэмжилсэн ч энэ тал дээр Ардчилсан намынхантай тохиролцоонд хүрэлгүй өнөөг хүрчээ. 

            Одоогоор АНУ-ын Засгийн газрын Төрийн департамент, Хөдөө аж ахуй, Худалдаа, Дотоодын аюулгүй байдал, Хууль зүй, Орон сууцны барилгажилт ба хотын хөгжил, Тээвэр ба Сангийн зэрэг есөн яамны үйл ажиллагааны санхүүжилт зогссон ажээ. Тэдгээрт 800 мянган төрийн албан хаагч ажилладгаас 380 мянгад нь цалингүй амралт өгөхөд хүрээд байгаа юм.

            “Shutdown” цаашид үргэлжилбэл олон улсын зэрэглэл тогтоогч “Fitch” агентлаг АНУ-ын хамгийн дээд буюу “AAA” зэрэглэлийг бууруулна гэдгээ мэдэгдсэн бол тус улсын Холбооны нөөцийн сангийн дарга Жером Пауэлл төсвийн хямрал эдийн засагт сөргөөр нөлөөлөхийг анхааруулжээ.

Б.Туг

Сэтгэгдэл бичих