Ж.Гончигсүрэн: Өвгөдөд амгалан, залууст ширүүн байж мэдэх зурхай бууж байгаа

“Түвдэнпэлжээлин” хийдийн тэргүүн, хамба лам Ж.Гончигсүрэнтэй уулзаж, ирж буй гахай жилийн өнгө зурхайн зурлагат хэрхэн буусан талаар хөөрөлдлөө. Тэрээр Монгол зурхай, зурхайн ухааныг шинжлэх ухаанчаар хөгжүүлж яваа цөөхөн хүний нэг юм. Ж.Гончигсүрэн хамба биднийг очиход хийдийнхээ хоёрдугаар давхарт тухалж, шинэ гаргасан зурхайн номоо эргүүлж сууна. Мэнд амрыг нь эрж, хэрэг зорилгоо хэлэхэд ирэх жилийн цаг улирлын бичгийг бэлэг болгон барилаа.

Ингээд ирж буй гахай жилийн өнгө зурхайн зурлагат хэрхэн буусан талаар яриагаа эхлүүлтэлтэрээр “XXII жарны урвуулагч хэмээх шарагчин гахай жилийн шороон үхрийг  хаврын амьсгал орсон өдрийн мах бодыг гол болгон дүрсэлбэл,

Үхэр нь шар толгойтой, эвэр, чих сүүл нь хөх дөрвөн шийр нь цагаан, ногоон ходоодтой, цагаан омруу бүхий хөх зүсмийн амаа ангайж сүүлээ зүүнтээ шарвасан.  

Үхэр хариулаач нь цагаан нүүртэй, улаан дээлэн дээр хөх бүс  бүсэлсэн, гэзгээ чихнийхээ өмнүүр унжуулсан, зүүн гутлаа өмсөөд баруун гутлаа зүүн талын бүсэндээ хавчуулсан, олсон шилбүүр барьсан өвгөн үхрийнхээ зүүн талд алхаж явна. Энэхүү зураглалаас жилийн байдлыг ажиглавал,

Өвгөдөд амгалан, залууст ширүүн, нялхаст машид ширүүн. Хур ус элбэг, хүйтэн бөгөөд бадгана өвчин гарна. Жилийн дунд үеэр хур тунадас элбэг, сүүлээр мөндөр буух магадлалтай” хэмээн учирлахдаа гэхдээ сайн муу жил болох нь биднээс өөрсдөөс шалтгаална. Бие, хэл, сэтгэлээ хянаж явбаас түүнээс сайхан үр дэлгэрдэг. Биенээ хайрлаж энэрвээс сайн үйл буцаж эзэндээ ирдэг” гэв.

Мөн тэрээр үргэлжлүүлэн жил болгон өөрийн гэсэн онцлог нэршилтэй байдаг. Энэ жил шарагчин гахай жил тохиож байна. Шарагчин гахай нь эм гахайг илэрхийлж байгаа юм.  Алтан гахай жил гарахад хүн бүр бэлэгшээж, үр сад олонтой болсон. Энэ жил ч мөн адил, үр хүүхэдтэй болоход ээлтэй жил” гэлээ.    

Улс орон ерөнхийдөө хямралтай энгийн ардад айх мэгдэх явдал гарч, төрийн хууль цааз чангарна

Харин нийгэм улс орны амьдрал, төр улс тогтуун байх тухай сонирхоход “Зурхайн зурлагат их хүмүүн амгалан тайван. Улс орон ерөнхийдөө хямралтай энгийн ардад айх мэгдэх явдал гарна. Төрийн хууль цааз чангарна” хэмээн буусан байна. Гэхдээ энэ нь анхааруулга болохоос баттай зүйл биш гэж ойлгох хэрэгтэй. Сайн муу байх нь төр засгийн удирдагчаас, түмэн олны хичээл зүтгэлээс хамаарна шүү дээ.  Хүн бүр өөрсдөө дор бүрнээ хичээх ёстой. Бусдын ятгалгад автаж, бусдаас өө сэв эрж болохгүй. Өөрөө, өөрийнхөө сэтгэлийг номхруулж засбал төр улс төвшин амгалан байна. Түүнээс нэг хүнийг, нэг удирдагчийг солилоо гээд өөрчлөгдөх зүйл ховор” хэмээн хариуллаа.   

Найман зөв замаар явбал зовлонгоос ангижирч, сэтгэлийн амар амгаланг олно

Мөн сэтгэл амар амгалан байх тухайд Хутагтын дөрвөн үнэн гэж байна.  

Зовлон үнэн. Хүн болгон аливаа амьд бүхэн энэ ертөнцөд төрөх цагаасаа эхлэн зовлон эдэлнэ. Зовлонгийн шалтгаан үнэн. Хүн амьдралдаа шунаж зовлонгийн шалтгааныг буй болгож байдаг. Зовлонг гэтлэх нь үнэн. Сансарын хүрднээ гарвал зовлонгоос бүрмөсөн ангижран нирван болно гэж заасан байдаг.

Найман зөв замаар явбал зовлонгоос ангижирч, нирван дүр олно гэж үздэг. Энэ нь зөв сэтгэхүй, зөв санаа, зөв яриа, зөв үйлдэл, зөв амьдрал, зөв зүтгэл, зөв ойлголт, зөв төвлөрлийг хэлж байгаа юм.

Тэрээр Cap шинийн утга учир, уламжлалын тухайд “Монголчуудын хамгийн эрхэм баяр бол яах аргагүй Цагаан сар юм. Цагаан сар Монголчуудын нас нэмж буй баяр, ах дүүсийн баяр, уламжлал зан заншлаа авч үлдэж буй баяр юм. Мөн сайхан  сэтгэлийн, өглөгийн өдөр. Хүний алгыг дээш харуулахыг бэлгэддэг. Хамгийн сайхан сэтгэлийн илэрхийлэл бол өглөг юм. Өглөг нь дөрвөн янз байдаг. Сэтгэлийн, номын, аймшиггүй, эдийн өглөг  гэж  байна.   Мөн Цагаан сар бол уламжлалт зан заншлаа авч үлдэж буй баяр. Энэ өдөр хүн бүр гэдэс цатгалан, мөр бүтэн явахыг бэлгэшээдэг.  Мөр бүтэн байна гэдэг нь байгаа зүйлээ цэвэр цэмцгэр, бүрэн бүтэн өмсөхийг хэлж байгаа юм. Түүнээс баян тансаг хувцаслахыг хэлж байгаа юм биш. Орчин үеийн залуус гоёж байна гээд уранхай өмд өмсөж, малгайгаа буруу харуулж өмсөх юм.

Мөн шинэ сар гарснаас хойш 15 хоногийг бэлгэшээж, бие биедээ хатуу ширүүн үг хэлэхгүй, аль болох хүндэтгэлтэй, эв найрамдалтай байхыг бэлгэшээдэг юм” хэмээн ярьж XXII жарны урвуулагч хэмээх шарагчин гахай жилийн тахиа жилдээ монгол түмэн элгээрээ энх амгалан, төрлөөрөө төвшин амгалан орох болтугай” хэмээн ерөөл дэвшүүллээ. 

itoim.mn

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

Od - 182.160.32.792019-01-13 09:03:47

Gonchigsuren zurhaich tegj erool aildaagui l boltoi ym. Herev aildsan bol uuniig yu gej oilgohiig tailbarlaj ogvol nen tustaisan