Г.Доржпалам: Осол гарах үед автобус 81км/ц хурдтай явсан байна

Улаанбаатараас Замын-Үүд чиглэлд явж байсан, 47 хүнтэй нийтийн тээврийн автобус осолдож, хоёр хүн амиа алдсан. Осолд орсон хүмүүсээс 20 нь хүнд гэмтсэн, тархи нугасны гэмтэлтэй, мөчдийн хугарал ихтэй оношоор ГССҮТ-ийн эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаа юм. Уг ослын үед хот хооронд явж байсан тээвэр болон зорчигч тээврийн үйлчилгээ, түүнд хэрхэн хяналт шалгалт тавьдаг талаар  Автотээврийн үндэсний төвийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Г.Доржпаламаас тодрууллаа.  

-АТҮТ-тэй тээврийн гэрээтэй ААН-ын тээврийн хэрэгсэл осол гаргалаа. Тухайн тээврийн хэрэгслийн аюулгүй байдал, жолоочийн мэргэшсэн эсэх, ээлжийн жолоочтой эсэхийг тухайн өдөр үйлчилгээнд гарахад шалгаж гаргасан юм уу?

-Манай хөдөлгөөний удирдлагын төв дээр хот хооронд үйлчилгээнд явж байгаа тээврийн хэрэгсэлд байршил тогтоодог төхөөрөмж буюу "GPS" суулгасан юм. Уг төхөөрөмжөөр тээврийн хэрэгсэл хаана, ямар хурдтай явж байгааг 24 цагийн турш хянаж байдаг. УБ-аас Замын-Үүд чиглэлд явсан “Дэлгэрэх хүнс” компанийн тээврийн хэрэгсэлд М болон Б гэсэн хоёр жолооч явсан. Тухайн тээврийн хэрэгслийг “Тэнгэр” плаза дахь Автотээврийн төв үйлчилгээнд явах жолооч мэргэшсэн эсэх, тээврийн хэрэгсэл оношилгоонд орсон эсэх зэрэг хууль дүрмийн дагуу хяналт шалгалтыг хийж гаргасан. Ер нь үйлчилгээнд гарах гэж байгаа тээврийн хэрэгслийг тээвэр зохицуулагч болон авто тээврийн хяналтын улсын байцаагч нар байнга хянан шалгаж гаргадаг. Тэгэхээр осол гаргасан тээврийн хэрэгсэл Улаанбаатараас гарахад ямар нэг асуудал байгаагүй гэсэн үг. Харин “Дэлгэрэх хүнс” компани жолоочдоо мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөөгүй. Ер нь жолоочийн хариуцлагатай холбоотой осол гэсэн урьдчилсан дүгнэлт гарсан. Гэхдээ эцсийн байдлаар тогтоогдоогүй байна.  

-Танайх тээврийн хэрэгслийг хаана, яаж явж байгааг байршил тодорхойлох төхөөрөмжөөр хянадаг гэлээ. Осол гаргасан тээрийн хэрэгслийг "GPS"-ээр хянахад  ямар байдалтай явж байсан бэ?

-Тухайн тээврийн хэрэгсэл энэ сарын 7-ны орой Улаанбаатараас гарч, 8-ны өглөө 06:00  цагийн үед осол гарч, замын хажуугийн байгууламжийг мөргөсөн байсан. Осол гаргах үед 81км/ц хурдтай явсан байгаа юм. Замын хөдөлгөөний дүрэмд зорчигч тээврийн автобус 70 км/ц хурдтай явна гэж заасан байдаг. Осол гарах агшиндаа хурд хэтрүүлсэн байсан юм.

-Та түрүүнд “Дэлгэрэх хүнс” компани жолоочдоо мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөөгүй гэж байсан. Тухайн компани жолоочтой холбоотой асуудлыг хариуцдаг юм уу?

-Замын хөдөлгөөний дүрмээр жолооч хэт ядарсан болон согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглодог. Үүнтэй холбоотойгоор жолоочоо бэлдэж гаргах нь аж ахуй нэгжийн үүрэг. Тухайн байгууллага жолооч согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн үедээ үйлчилгээнд гаргах эсэхийг хариуцна гэж заасан учраас аж ахуйн нэгжийн дотоод хяналтын асуудал байдаг.

-“Дэлгэрэх хүнс” компани хэр туршлагатай юм бэ?

-Уг компани хот хоорондын тээвэрт 15 дахь жилдээ ажиллаж байгаа. 2015 оноос Улаанбаатар-Замын-Үүдийн чиглэлд үйлчилж байгаа.

-Танай байгууллагаас хот хоорондын тээврийн үйлчилгээнд явах жолоочийн эрүүл мэнд, биеийн байдлыг шалгадаг уу?

-Хот хоорондын үйлчилгээ эрхлэгчдийн холбоотой хамтраад “Тэнгэр” плаза, “Драгон” төвүүдэд байнгын ажиллах эмч ажиллуулж байгаа. 2019 оны нэгдүгээр сарын 1-ээс үйлчилгээнд гарах жолооч нарын эрүүл мэндийн байдлыг үзэж, үйлчилгээнд гаргаж эхэлсэн. Тиймээс осолд орсон жолооч үйлчилгээнд гарах үед түүний биед ямар нэг асуудал байгаагүй гэсэн үг.

-Ер нь хөдөө орон нутгийн замд осол их гардаг. Үүнтэй холбоотойгоор танай байгууллага зам тээврийн осол хэргийг бууруулах тал дээр ямар ажил хийж байгаа вэ?

-Нийтийн тээврийн үйлчилгээнд хүний амь эрсдсэн ноцтой осол сүүлийн хэдэн жил гараагүй байсан. Ялангуяа Автотээврийн үндэсний төвтэй байгуулсан тээврийн гэрээт аж ахуйтай холбоотой осол гарч байгаагүй. Энэ удаа үнэхээр харамсалтай осол гарлаа. Зам тээврийн осол хэргийн дийлэнх хувь нь хууль бус буюу халтуур хийж байгаад осолд орох тохиолдол байдаг. Манай байгууллага зам тээврийн ослыг бууруулах тал дээр холбогдох байгууллагуудтай хамтраад 24 цагийн хяналт тавьдаг.

-Танай байгууллагатай тээврийн гэрээтэй хэчнээн аж ахуй нэгж байдаг юм бэ. Тухайн нийтийн тээврийн үйлчилгээнд ажиллах аж ахуй нэгжүүдэд ямар хариуцлага тавьж, ажилладаг вэ?

-Хот хоорондын тээврийн үйлчилгээнд 60 гаруй аж ахуй нэгжийн 900 гаруй тээврийн хэрэгсэл өдөр тутмын гэрээнд ажиллаж байгаа. Нийтийн тээврийн үйлчилгээнд ажиллах аж ахуй нэгж байгууллагуудад холбогдох хууль дүрмийн хүрээнд тодорхой шаардлагуудыг тавьдаг. Тухайлбал, мэргэжлийн боловсон хүчинтэй, стандартын шаардлага хангасан, тээврийн хэрэгслийн үзлэг оношилгоонд орсон байх зэрэг шаардлагуудыг тавина. Аж ахуй нэгжүүдтэй хот хоорондын тээврийн үйл ажиллагаа явуулах гэрээ байгуулж ажилладаг. Гэрээний хүрээнд тухайн аж ахуй нэгж байгууллагууд дотоод хяналтаа байгуулж ажиллах ёстой. Мэргэжлийн боловсон ажиллуулж, өглөө гарах гэж байгаа тээврийн хэрэгслийн үзлэг шалгалтаа аж ахуй нэгж дотоод хяналтаараа шалгадаг байх, жолоочийн ажил, амралтын горимыг мөрдүүлэх ёстой байдаг.

-Танайх зам тээврийн ослыг бууруулах тал дээр холбогдох байгууллагуудтай хамтраад 24 цагийн хяналт хийдэг гэсэн. Гэсэн хэдий ч осол гарлаа шүү дээ. Тэгэхээр цаашид ямар төлөвлөгөөтэйгөөр ажиллах юм бэ?

-Хууль дүрмийн хүрээнд шаардлага тавьж ажиллана. Замын эхлэл болон төгсгөлд хийгддэг хяналт шалгалтаа эрчимжүүлнэ.

Харин Улаанбаатар- Замын-Үүд чиглэлд гарсан ослын шалтгааныг тогтоох шалгалтын ажил явагдаж байгаа. Урьдчилсан байдлаар тухайн тээвэрт явсан жолооч хэт ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдоод байгааг Тээврийн цагдаагийн албанаас хэлж байгаа юм.


itoim.mn

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

Bat - 182.160.32.792019-01-10 13:47:39

Dandaa l uhsen hun buruutai boldog bichigdeegui huulitai shuu dee manaih