ӨДРИЙН СУРВАЛЖЛАГА: Махны үнэ өссөн бурууг Хятадуудаас биш Ченжүүдээс хайх хэрэгтэй байна

-МАХНЫ ЭКСПОРТООС 146.5 САЯ АМ ДОЛЛАРЫН ОРЛОГО ОЛСОН-

Сүүлийн үед “махны үнэ тэнгэрт хадлаа, мах нүдний гэм болж хомсдолд орлоо, Хятадууд манай улсаас малын мах бөөндөж аваад нөөцөлж байна” гэх үгсийг цахим ертөнцөөс уншиж, хүмүүсийн амнаас сонсох болсон. Томоохон хүнсний зах, худалдааны төвүүдэд үхрийн мах кг нь 12000-13000 мянган төгрөг болтлоо үнэд орж хөөрөгдөөд байна. 70 гаруй сая толгой малтай монголчууд яагаад махны хомсдолд орж, махаа худалдан авч идэж чадахгүйд хүрэв.

Махны үнийн хөөрөгдлийг экспорттой холбон олон нийт шүүмжлээд буй. Манай улсын экспортолсон махны хэмжээ өнгөрсөн онд 90 гаруй хувиар өссөн байна. Махнаас олсон орлогын хэмжээ 146.5 сая ам.доллар болжээ. Орлогын дийлэнхийг адууны махны экспорт бүрдүүлж байгаа бол хонь, ямааны мах, дулааны аргаар боловсруулсан лаазалсан махан бүтээгдэхүүн багахан хувийг эзэлсэн тухай Үндэсний статистикийн хорооноос мэдээлсэн байдаг.

Нөгөө хэсэг нь "Хятадууд намар мал тарган үед нядалсан махыг түүдэг. Хууль бус худалдаа буюу жуулчны визтэй Хятадуудын хууль бус махны худалдаа хөгжчихлөө. Мөн урд хөршид гахайн өвчин гарсны улмаас хятадууд ийнхүү их хэмжээгээр мах худалдан авч байна. Цагаан сараар үнэ нь бүр тэнгэрт тулна. Адуу болон ямааны мах олдохгүйд хүрнэ” хэмээн ярьцгааж буй юм.

mah

-ҮХРИЙН ГУЯНЫ ЦУЛ МАХ ХАМГИЙН ӨНДӨР ҮНЭТЭЙ БУЮУ 12 МЯНГАН ТӨГРӨГӨӨР ХУДАЛДААЛАГДАЖ БАЙНА-

Өнгөрсөн оны өдийд үхрийн нэг кг цул мах 9-10 мянган төгрөгийн үнэтэй байсан бол одоо 12000-13000 төгрөг болж өсжээ.  Өнгөрсөн долоо хоногт хонины цул мах 6,400 төгрөгийн үнэтэй байсан бол бодит байдал дээр махны олдоц хэр байгаа, үнэ ханшийн хувьд ямар байгаа талаар сурвалжиллаа.

Хүчит шонхор захад:

Хонины ястай мах 7,800, цул нь 8000 төгрөг болчихсон байна. Харин гулуузаар нь авах бол кг-ийг нь 5,500 төгрөгөөр зарж байгаа аж. Ямааны цул мах 6,700, үхрийн ястай мах 9,000-9500, цул нь 10,000 төгрөг, гуяны цул 12000 төгрөрийн үнэтэй байна. Харин өвчүү нэг кг-ийн үнийг 8,500 төгрөгөөр тооцож байгаа бөгөөд 160-400 орчим мянган төгрөгийн ханштай байлаа. 150-280 мянгаар зарж байна.

Баянзүрх худалдааны төвд:

Ямааны ястай болон цул мах 6500 төгрөг, хонины цул мах 8000, ястай нь 7200 төгрөгөөр худалдаалагдаж байна. Адууны ястай болон цул мах адилхан 8200 төгрөг гэж байгаа бол үхрийн ястай мах 9000 төгрөг, цул мах 10,500 төгрөг, гуяны цул мах 12,000 төгрөгийг ханштай байв. Тус худалдааны төвийн лангуун дээр олдохгүй байгаа гэх ямаа болон адууны мах бусад махтай адилхан харагдаж байсан юм.

Бөмбөгөр худалааны төвүүдэд:

-Хонины ястай мах 7500, хонины цул мах 8000 төгрөг

-Адууны ястай болон цул мах адилхан 8500 төгрөг

-Үхрийн ястай мах 9500 төгрөг, цул нь 10,500 төгрөг, гуяны цул мах 12000 төгрөгийн ханштай байна.

-Тус худалдааны төвд харин ямааны мах харагдсангүй. Хонины махтай адилхан үнээр худалдаалагдаад дууссан тухай худалдаачид хэлж байв. Учир нь Хятадууд аваад дууссан хэмээн тайлбарлах аж.

ҮСХ-ноос мэдээлснээр өмнөх долоо хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ 1.0 хувь, үхрийн ястай махны үнэ 0.7 хувь, ямааны ястай махны үнэ 2.7 хувиар өссөн бол үхрийн цул махны үнэ болон адууны ястай махны үнэ өөрчлөлтгүй байна хэмээн мэдээлжээ.

mah

-ХУДАЛДААЧИД ЭКСПОРТЫН ЗОХИЦУУЛАЛТ БАЙХГҮЙГЭЭС, ХЯТАДУУД ДУРААРАА АВЧ МАХНЫ ҮНЭ ӨСӨЖ БАЙНА ХЭМЭЭН ҮЗЭЖ БАЙНА-

Худалдаачид маны хомсдол болох үнийн хөөрөгдлийг Хятад иргэд мах ихээр авч байгаатай холбон тайлбарлаж байлаа. Тэд махаа голдуу Хэнтий, Дорнодоос авдаг ч орон нутгаас ирэх мах эрс багассан нь махны үнэ өсөх шалтгаан болж байгаа гэв. Үүнээс үүдэж махны үнэ өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад хамгийн багадаа 1,000 төгрөгөөр өсчихлөө гэсэн юм. Хаврын цагт үүсдэг махны үнийн хөөрөгдөл энэ жил өвөл эрт эхэлж байгаа, цаашид ч өсөх хандлагатайг хэллээ.

Харин зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гараад байгаа шиг лангуу хоосорсон зүйл байхгүй зарим худалдааны төвүүдэд ямааны мах харагдахгүй нүдний гэм болсон бөгөөд байсан ч хонины махтай адилхан үнээр борлуулж байгаа тохиолдол таарсан юм.

Үнийн хэт хөөрөгдлөөс болж зарим худалдаачид мах худалдан авч чадахгүй байгаа бол энгийн иргэдийн худалдан авалт ч бүр буурчээ. Худалдаачдын хэлж байгаагаар махны үнэ өсөөд байгаа нь хятад иргэн болон, тэдэнд ажилладаг монголчууд "үнэ цохиж" авч байгаатай холбоотой гэж буй. Мөн тэд экспортын ямар ч зохицуулалтгүйгээр дураараа хил гаргаж дамлаж байгаатай холбоотойг дуулгалаа. Худалдаачдын бодол ийм байна.

mah

-“ЧЕНЖ” НАРААС БОЛЖ ЭНГИЙН ИРГЭД БОЛОН МАЛЧИД 
ХАМГИЙН ИХ ХОХИРЧ БАЙНА

Харин энгийн иргэдийн нуруун дээр хамгийн хүнд ачаа болж буй. Сар хүрэхгүй хугацааны дараа сар шинийн баяр болно. Баярын бэлтгэлээ базааж буй иргэд мах, цагаан идээний үнэ өссөн нь ихээхэн дарамт учруулж байгаа талаар иргэд ярьж байсан юм.

Энэ талаар Бөмбөгөр худалдааны төвөөс мах худалдан авагч иргэн Энхжаргал  “мах маш үнэтэй болчихож. Хотын бид олон мал бэлтгэж идэш хийх биш. Хэрэгцээндээ тохируулаад хоёр долоо хоногт нэг удаа, сард нэг удаа гэх зэргээр бэлтгэж авдаг. Гэтэл асар өндөр үнэд хүрчихлээ. Шинэ оны өмнөхөн л мах авахад өнөөдрийнхөөс арай гайгүй байсан юм. Уг нь энэ жил 70 сая толгой мал тоолуулаа биз дээ. Буурна гэж бодтол өсөөд байдаг нь ямар учиртай юм. Хятад руу мах, мал гаргаад байгаа гэсэн. Үүнээс болж энгийн иргэд хохирч байгаа юм байна” хэмээн ярьсан юм.

Б.Жаргалбаяр “Үгүй одоо махны үнийн бодит байдал ийм болчхоод байхад юу хэлхэв дээ. Хэлэх ч үг алга. Хамгийн түрүүнд төрийн бодлого зохицуулалт гэж зүйл алга гэдгийн жишээ юм даа. Төр ченж нараа зохицуулж шийтгэж чадсан цагт махны үнэ тогтворжино. Яг үнэнийг хэлхэд энэ Хятадууд биш ченжүүд малчин, иргэн хоёрыг хохироож байна. Миний хувьд махны үнэ өссөнд бухимдалтай байна” гэлээ.

Харин нэрээ нууцалсан иргэх Б “Бид хоосон хонох дээрээ тулаад байна. Хамгийн хямдаар нь адуу хонинй махыг хагас хилээр аваад явж байна. Ийм байхад та хэд бодит байдлыг өөрсдөө харж байгаа биз дээ” хэмээгээд цааш нь үг хэлэхээс татгалзсан юм.

mah

-ХЯТАДААС МАХ ХАРАМЛАХ ШААРДЛАГАГҮЙ-

Эцэст нь худалдаачид болоод иргэдийн аль аль нь махны үнэ өссөн Хятад иргэд мах олноор худалдан авч байгаад буруутай хэмээн үзэж байгаа нь анзаарагдсан юм. Бодит байдал дээр Монголчууд малынхаа ноос ноолуур хоёроос өөр зүйлийг нь бүрэн ашиглаж чаддагүй хэрнээ олон сая толгой малаа вакцинжуулаад л хадгалаад байдаг гэж байгаа. Мах болон сүү сүүн бүтээгдэхүүнийхээ багахан хувийг хэрэгцээнд ашиглаж чаддаг.  Гадаадын улс орнууд Монгол мал, махыг өвчтэй гээд аваад байдаггүй нь бодит үнэн.

Энэ жил Хятадад гахайн өвчин гарсны улмаас Хятад руу малын мах гаргах сонирхолтой хэсэг иргэд бий болж, түүнийг нь ченжүүд овжин ашиглаж малчдаас хямд төсөр үнээр авч байна.

Ингээд худалдаачдын хэлж байгаагаар Хятадуудад өндөр үнээр зуучилж, махны худалдаачдыг ч, иргэдийг ч хохироож байгаа дүр зураг харагдаж байна. Гэтэл нийгэмд Хятадууд Монголын малыг олноор худалдан авч нөөцөлж цөлмөж дуусгах гэж байгаа мэтээр шуум дэгдэж, үүнийг сонссон иргэд ч цахим хуудсанд олноот эсэргүүцлээ илэрхийлцгээх нь харагдаж байна.

Уг нь үнэ хөөрөгдүүлдэг ченжийн оролцоогүйгээр төрийн зөв бодлого, экспортын зөв бодлогоор Хятад гэлтгүй гадны зах зээлд мах гаргажл байвал хамгийн ашигтай. Иймд юун түрүүнд Малчин, энгийн худалдан авагч иргэд хоёрыг хохироож хамгийн ихээт хохироож нийгэмд үнийн хөөрөгдөл бий болгож байгаа ченжүүдийг зохицуулах нь нэн түрүүний асуудал билээ.

mah

-ХХААХҮЯ ҮНИЙН ӨСӨЛТИЙН УЧИР ШАЛТГААНЫГ СУДАЛЖ БАЙНА ГЭЖЭЭ-

Харин хариуцсан салбар яам нь махны үнийн өсөлтийн учир шалтгааныг судалж байгаа гэх. Үүний дагуу ирэх долоо хоногоос урьдчилсан байдлаар шийдвэрүүдээ гаргах аж. Тодруулбал, ХХААХҮЯ-аас сүүлийн үед улирлын болон нийлүүлэлтийн хамааралтайгаар зах зээл дэх махны үнэ өсөж байгаатай холбогдуулан ХХААХҮЯ авч хэрэгжүүлэх бодлого, арга хэмжээний талаар судлах ажлын хэсэг гарсан тухай мэдээллээд буй.

Мөн Улаанбаатар болон Дархан-Уул аймгийн иргэдийн хаврын улирлын махны хэрэгцээнд зориулан арилжааны банкны эх үүсвэрээр мал, мах бэлтгэгчдэд хүүгийн хөнгөлөлт үзүүлэх замаар нөөц бүрдүүлэх арга хэмжээг ойрын жилүүдэд зохион байгуулж байгаагаа дурдсан байна.

ХХААХҮЯ-наас өгч буй тоон мэдээллээр жилд экспортлох махны тоо хязгаартай. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн баталсаны дагуу жилд:

-Хонь 3.412.400 толгой буюу маханд шилжүүлсэнээр 61.4 мян.тонн,

-Ямаа 3.132.900 толгой буюу маханд шилжүүлсэнээр 47.0 мян.тонн,

-Үхэр 214.200 толгой буюу маханд шилжүүлсэнээр 27.9 мян.тонн,

-Адуу 291.000 толгой буюу маханд шилжүүлсэнээр 43.6 мян.тонныг тус тус экспортонд гаргаж байгаа ажээ.

П.УРНАА medee.mn

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

зоо - 202.9.43.2162019-01-08 11:13:30

Бусдаас хамаараад байх юмгүй ченж гэж мал малладаггүй тэгээд малын буянаар цатгалдсан этгээдүүдэд буруу байнаа.Махыг ченжээр дамжуулалгүйгээр малчдаас нь шууд авмаар байнаа.Малын зах нээгээчээ дарга нараа дундуурна чээнжэ оруулмааргүй авмаар байнаааа