Дэлхийн банкны тэргүүн огцрохоор шийдэв

Дэлхийн банкны тэргүүн Жим Ен Ким хоёрдугаар сарын 1-нээс албан тушаалаа орхино гэж тус банкны хэвлэлийн албанаас мэдээлжээ.  Кристалина Георгиева тус  байгууллагын ерөнхийлөгчийн үүргийг орлон гүйцэтгэх ажээ. 


Банкны тэргүүн эдийн засгийн хувийн секторт буцаж орохыг хүсч байгаа нь түүний огцрох шалтгаан болсон байна.  Ким “хөгжиж буй орнуудад дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг сайжируулах” тал дээр ажиллана гэж хэвлэлд зориулсан мэдээнд өгүүлжээ. 


Жим Ен Ким  2012 онд Дэлхийн банкны ерөнхийлөгчөөр таван жилийн хугацаатай сонгогдсон билээ.  2016 онд  захирлуудын зөвлөл түүнийг бас таван жилээр улираан сонгохоор шийдвэрлэсэн юм. 


Ким өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Шанхай хотод олон улсын анхны импортын ЭКСПО дээр үг хэлэхдээ,  худалдааны  гаалиар хавчих бодлого дэлхийн эдийн засгийн  өсөлтийн ирээдүйд сөргөөр нөлөөлж мэднэ гэж хэлж байсан юм.  


С.Инда

Сэтгэгдэл бичих