Эцэг, охин Скрипаль хаана байгаа тухай бичжээ

Оросын зэвсэгт хүчний тагнуулын ерөнхий газрын хурандаа асан Сергей Скрипаль болон түүний  охин Юлия нар Их Британийн нутагт байгаа бололтой. “Дэйли Телеграф” сонин өөрийн эх сурвалжийг  иш татан ингэж бичжээ. 

Солсберид хордсон эцэг, охин хоёр тус орны өмнөд нутагт эмч нарын хяналт, тусгай албаныхaны хамгаалалтад  байгааг мэдээлж байна.  Сурвалжлагчид учрыг мэдэх хүний хэлснээр,  аюулаас хамгаалах албаныхан Юлия Скрипальд  ажил олгож, түүний орос хэлийг ашиглах тухай асуудлыг хэлэлцэж байгаа ажээ. 

Ингэхдээ Юлия Их Британи болон Орос дахь найз нөхөдтэйгээ харилцаатай хэвээр байгаа гэнэ.  Нотлогдоогүй мэдээгээр, өнгөрсөн зун зарим танил нь  түүн дээр ирж байжээ. 

Оросын гадаад тагнуулын алба Скрипаль нарыг хордуулах гэсэн үйлдэл дампуурсаны дараа Их Британид тагнуулын шинэ сүлжээ байгуулахаар бэлтгэж байна гэж “Дэйли Телеграф” сонинд саяхан бичиж байсан юм. Оросын гадаад тагнуулын алба вант улсын хувьд том аюул болж байна хэмээн британийн тусгай албаныхан үзэж байгаа ажээ.  Чухамхүү үүнээс сэргийлэх энэ ажилд Юлия Скрипалийг оролцуулж болохыг үгүйсгэхгүй байна.

Тагнуул хийсний учир Орост шийтгүүлсэн тагнуулын ерөнхий газрын офицер асан Сергей Скрипаль болон түүний охин Юлия нар өнгөрсөн оны гуравдугаар сарын 4-нд Солсбери хотын цэцэрлэгт  гудамжны сандал дээр ухаангүй олдсон юм. Вант улсын эрх баригчид энэ хэрэгт оросын тусгай албадыг буруутгасан билээ.  Тухайлбал, мэдрэл саажуулдаг “Новичок” гэдэг бодисыг хор болгон ашигласан гэж вант улсын эрх баригчид үзэж байгаа юм. 

Их Британи оросын 23 дипломатчийг хөөж, тэднийг тусгай албадын ажилтан хэмээн  үзжээ. Өнгөрсөн намар британийн засгийн газар бусдын амь насанд халдах хэрэгт холбогдолтой гэх оросын хоёр иргэн Александр Петров, Руслан Баширов нарын зургийг нийтэлсэн юм.  Хэдэн өдрийн дараа тэд телевизийн RT сувгийн ерөнхий эрхлэгч Маргарита Симоньянтай ярилцахдаа, тусгай албадуудтай холбоогүй, Солсберид аялалаар ирсэн гэж мэдэгдсэн юм. 

Солсберид болсон хэрэг явдалд холбогдолгүйгээ гэдгээ Оросын тал удаа дараа мэдэгдэж, түүнчилэн энэ хэргийн талаар хамтран ажиллахыг санал болгож байсан юм. Тухайлбал, Оросын иргэн Юлия Скрипалийн биеийн байдалд сэтгэл зовинож байгаагаа Оросын ЭСЯ удаа дараа мэдэгдэж байжээ. Гэтэл  түүнд  элчин сайдын яамны албан ёсны төлөөлөгчид болон төрөл төрөгсөдтэй нь уулзах боломж олгохгүй байгаа ажээ. 

С.Инда

 


Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

irgen - 84.227.227.2382019-01-08 15:21:31

hezyy baidald orjdee, eneuls chin dandaa ingej hyn ashigladag draa ni ustgadag yana daa