Монгол HDTV дэлхийн шилдэг контент "Авъяаслаг монголчууд"-ыг ээлжит удаагаа амжилттай зохион явууллаа. Монгол телевизийн хувьд шүүмжлэх юм үнэхээр алгаа. Техник технологи, зохион байгуулалт гээд бүхий л зүйл дээр гайхалтай байж чадлаа. Харин монголчууд бид үнэхээр авъяастай юу, шүүгчид хэр мэдрэмжтэй байв гэдэг дээр хэдэн үг бичихээр шийдлээ. Бид дэлхий дээр хамгийн авъяастай, мундаг хүмүүс хэмээн цээжээ дэлддэг нь ташаа болохыг гурвантаа харав.
Хальт харахад бүгд дуулж, бүжиглээд, сагс тоглоод за тэгээд зүсэн зүйлийн юмаар оролдоод бүхнийг хурдан сурдаг юм шиг атлаа нэг юмыг дэндүү төгс эзэмшиж, дэлхийг алмайруулах юм бидэнд алга. Мэдээж уран нугаралт, язгуур урлаг гээд цөөнгүй авъяастан байх хэдий ч дараагийн шатанд ахих түвшний үзүүлбэр үзүүлж чаддаггүй. Ер нь баахан нялх нярай шахам хүүхдүүд л ороод тоо бөглөнө. Эцэг эхчүүд нь үр хүүхдээ өхөөрдүүлж, хөөрхийлүүлэх тактикаар чирч гулдран авчирна. Шүүгчид нь өхөөрдсөн дүр эсгэн тэнцүүлж орхино. Бас дэндүү олон бүжигчид, хамтлагууд. Эдэн дунд дэлхийг гайхшируулах бүжиг, хамтлаг ер алга. Ингэж хэлэхийн учир нь Америкийн "Та бүжиглэж чадахуу" шоу нэвтрүүлэг телевизээр гарсантай холбоотой. Өөрөөр хэлбэл үзэгчдийн оюун санаа, ухамсар, юм үзэж нүд тайлсан нь дэлхийн цараанд очсонтой холбоотой.
За тэгээд саяны дугаараар илбэчин залуу ялагчаар тодров. Шүүгчид нь алмайраад л ухаан алдах шахах юм. Үнэндээ илбэ гэхээсээ тун ч болхи хоцрогдсон зүйлсийг чадан ядан үзүүлэх юм. Зурагтаар бид дэлхийн илбийн гайхамшигууд хийгээд нууцын тайллыг нь хүртэл үзчихээд байхад шүүгчид уулга алдан босоод ирэх юм. Мөнөөхөн залуу дэлхийд гарна гэж хэлэхэд алга нижигнүүлэн ташна. Мөрөөдөх нь зөв ч дэлхийг юу гэж ойлгоод байгаа юм бүү мэд. Дэлхий өнөөдөр юуг ч гайхахаа больсон гэдгийг ер нь мэдэж байна уу, үгүй юү? Ямартаа ч бид дэлхийг алмайруулах авъяасаар таг гэдгээ мэдэж авсан нь сайн хэрэг.
Харин одоо шүүгчидээ шүүе. Мөнөөхөн шударга бус явдал энэ наадамд ч хүртэл ажиглагдна. Алдарт Simon Cowell шиг "чамд авъяас алга, өөр юмаар оролд" гээд улаан нүүрэн дүүрэн хэлж чаддаггүй юмаа гэхэд ядаж шударга хандаж болноодоо. Нэг л их цэцэн мэргэн үг хэлэх гэж нүдээ эргэлдүүлэн ухаан санаагаа хөвчилсөн дүр зураг. Зарим нь худлаа орилоод л... Өмнөх шүүгчид дотроос үзэгчдэд таалагдаж байсан нь хийлч Дэлгэрцэцэг. Яагаад гэвэл Дээгий өөрийнхөөрөө байж чадсан. Хошиг сээтэгнэл, хамаа намаагүй үгс энэ бүхэн түүнийх. Гэхдээ Дээгийг хөгжмийн, урлагийн өндөр боловсролтой гэдгийг санах хэрэгтэй. Реппер залуу Баяраа хаа очиж өөрийнхөөрөө, бас авъяастай үгүйг нь хэлчихдэг. За тэгээд бусад нь хуучин шинэгүй авах юм алга. Хаа хамаагүй цэцэн атлаа сул үгс хөврүүлэн сав л хийвэл эхэр татан уйлах бүсгүй. Дэлхийн түвшний дуучин атлаа юм болгоныг гайхан шогширч, учиргүй их орилох од. Юм бүхнийг бүүр урлагийг хүртэл маазруулж сурсан хошин шогч бүсгүй. Эд шүүх бус өөрсдөө ухаантай хүний дүрд тоглох гээд хуурамч зан гаргаад байгаа нь дур гутаана. Би энэ бүхнийг атаа жөтөө, бүхнийг харлуулах сэтгэлээр бичсэнгүй. Яагаад гэвэл хэдэн тэрбум хүн үзэх дэлхийн контент болохоор нь л улс монголынхоо нэрийг бодоод байгаа юм.
Д.Галт
Сэтгэгдэл бичих