ОУВС-гийн суурин төлөөлөгч 2018 оны төсөв алдагдалгүй, эерэг тэнцэлтэй гарах төлөвтэйг тэмдэглэлээ

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар Олон Улсын валютын сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Нил Сэйкэрийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Монгол Улсын төсөв, банк, санхүүгийн өнөөгийн байдлын талаар мэдээлэл солилцсон байна.

ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдсанаар эдийн засгийн өсөлт хурдасч, хөрөнгө оруулалт нэмэгдэн, төсвийн тэнцэл сайжирч байгаа талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга мэдэгдлээ. Монгол Улсын Засгийн газар төсвийн сахилга батыг сайжруулах, зарлагыг багасгах замаар төсвийн алдагдлыг бууруулах, эдийн засгаа төрөлжүүлж олон тулгуурт болгохыг зорьж байгаа аж.

Мөн уулзалтын үеэр Монгол Улсын экспортын бодлого, эдийн засгийн өсөлтийн талаар мэдээлэл солилцсон бөгөөд Засгийн газар ОУВС-гийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байгаад сэтгэл хангалуун байгааг тус сангийн суурин төлөөлөгч онцлов. Тэрбээр 2018 оны төсөв алдагдалгүй, эерэг тэнцэлтэй гарах төлөвтэй байгаа хэмээн хэллээ.

Сэтгэгдэл бичих