АТГ: Б.Батзоригоос өөр гишүүнээс байцаалт аваагүй

АТГ-аас өнөөдөр мэдээлэл хийлээ. Мэдээллээр өнгөрсөн хоёр жилийн ажлын тайлангаа танилцуулаад сэтгүүлчдийн асуултад хариулт өгөв. 

-УИХ-ын гишүүдийг эгүүлэн татах асуудал яригдаад байна. Энэ бодит мэдээлэл үү. ЖДҮХС-тай холбоотой гишүүдийн асуудал юу болж байгаа вэ? 

-ЖДҮХС-гаас 2016 онд 200 гаруй нэр бүхий компанид зээл олгосон байгаа. Энэ асуудлыг манай байгууллага шалгаж байна. Одоогоор уг хэрэгт ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзориг дуудаж мэдүүлэг авсан. Өөр албан тушаалтныг дуудж мэдүүлэг авсан зүйл байхгүй. УИХ-ын гишүүдтэй холбоотой асуудлыг Улсын Ерөнхий прокуророос УИХ-д өргөн барих хуультай. Тэгэхээр энэ асуудалд прокурорын байгууллага ажиллаж байгаа. Төсөл хөтөлбөр нэг бүрийг нарийн шалгаж байна. 

-Шалгалтын ажиллагаа хэр үргэлжилж байна вэ? 

-ЖДҮХС-аас зээл авсан компаниуд журмын дагуу зээлээ авсан байна уу, зээл олгоход албан тушаалтан нөлөөлсөн үү, үгүй юу, компаниуд авсан зээлээ зориулалтын дагуу ашиглаж байна уу гэдгийг шалгаж байна. Ер нь зээл авсан компаниудыг бүгдийг нь хууль зөрчсөн гэж үзэхгүй байгаа. ЖДҮХС-д сонгон шалгаруулалтын ил тод байдлыг хангах талаар зөвлөмжийг АТГ хүргүүлж байсан. Зөвлөмжийг хэрэгжүүлж ажиллаагүй учраас одоогийн нөхцөл байдал үүсээд байна.

-ЖДҮХС-аас хамаарал бүхий компани нь зээл авсан гэдэг нь баримтаар нотлогдоод буй 14 гишүүний хэргийг шалгасан уу?

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29-д зааснаар прокурорын зөвшөөрсөн хэмжээнд мэдээлэл өгдөг. Зээл авсан компаниудыг бүгдийг нь нарийвчлан шалгаж байгаа. Үүн дээр ямар нэгэн нэр дурдах шаардлага байхгүй. УИХ-ын гишүүдтэй холбоотой зээл авсан гэсэн мэдээлэл их байгаа. Гэхдээ үүнийг шалгах ажиллагаа үргэлжилж байна.

-Экс Ерөнхий сайдуудын хэрэг юу болж байгаа вэ?

-Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарт холбогдох хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа. Энэ хэрэг цар хүрээний хувьд өргөн яаралтай шийдвэрлэх боломжгүй. Бидний зүгээс гадны байгууллагуудтай холбогдон хамтран ажиллаж байна. Энэ хэрэг яаралтай шийдэх хэрэг биш. Манай зүгээс хэргийг түргэн шийдэхээр ажилласаар байна.

-Стандарт банкны хэрэг юу болж байна вэ. Хэрхэн шийдэх вэ?

-Стандарт банкны хэргийн санхүүгийн мөрдөн шалгах ажлын үр дүн гарсан. Прокурорын хяналтад үргэлжилж байна. Жаст компани, Ш.Батхүүтэй холбогдох хэргийг шалгалтыг ойрын үед дуусгана. Ийнхүү хэргийг шүүх рүү шилжүүлнэ.

-Хөрөнгө орлогын мэдүүлэгт хяналт шалгалт хийдэг үү?

-УИХ-ын гишүүний хөрөнгө орлогын мэдүүлгийг УИХ-ын ёс зүйн хороо шалгадаг. Харин УИХ-ын гишүүн давхар Засгийн газрын гишүүнээр ажиллавал АТГ-аас хяналт шалгалт хийх боломжтой болдог.

- Хөгжлийн банкны хэргийн шалгалтын явц хэр байгаа вэ?

- Чингис, Самурай бондын зарцуулалттай холбоотой хэргийг Хөгжлийн банкны хэрэг гэж нэрлэх болсон. Энэ хэрэг дээр АТГ ЦЕГ-тай хамтран ажиллаж байгаа. Хөгжлийн банкны хэрэг дотроо 30 гаруй хэрэг болж задарсан. Хамтарсан ажлын хэсэг прокурорын хяналтан доор хэргийг шалгаад явж байна. Эдгээр хэргүүд өөр өөр шатанд явж, шийдэгдэж байна. Тухайлбал, БХБ-ын сайд асан З.Баянсэлэнгэ, ТОСК-ийн хэлтсийн даргад холбогдох хэргүүд шүүхээр шийдэгдээд байна

Сэтгэгдэл бичих