Ханиад, томуу гамшгийн хэмжээнд хүрчээ

Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвийн амбулаторийн хүүхдийн кабинетэд үзүүлэхээр ирсэн бага насны хүүхдүүд эмчийн үүдэнд дараалал үүсгэжээ. Есөн сартай хүүгээ үзүүлэхээр ирсэн Оюунбаатар “аравдугаар сараас эхлээд манай хүүхэд гурван удаа ханиад хүрсэн. Нэг удаа Сүхбаатар дүүргийн хүүхдийн эмнэлэгт долоо хоног хэвтээд гарсан. Харин одоо хоолой нь өвдсөн. Хорооны эмнэлэг дүүрэг рүүгээ яв гэсэн. Тэгээд ирчихээд хүлээгээд сууна. Уг н ь ханиадмаас хамгэалдаг вакцин хийж байгаа юм билээ. Тэр вакциныг хийлгэх гэхээр ханиаднаас салахгүй юм” гэлээ. Түүнтэй ярилцах хооронд нэмж хэд, хэдэн хүүхэд ирэв.

Тэдний дунд ой гурван сартай бяцхан хүү өвөө, эмээтэйгээ ирсэн харагдана. Эмээ нь “Уг нь хоёр хоногийн өмнө зүгээр байсан юм. Өчигдөр шөнөөс эхлээд л халуурчихлаа. Аав, ээж нь оюутан. Хөгшин бид хоёр хардаг юм. Ямартай ч дааруулж, хөрүүлсэн юм байхгүй. Чадлаараа л бөөцийлөх юм. Тэгсэн ч ханиад, томуу салахгүй юм аа” гэж ярив.

Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвийн үүдээр ормогц хүүхдийн кабинет нь зүүн гар талд нь байлаа. Үүдэнд болоод ч тэр үү өвлийн тачигнасан жавар жиндүүлж байв. Гэсэн ч эмчид үзүүлэхээр дараалал үүсгэсэн эцэг, эхчүүд ханиад томуу хүрч, халуурсан хүүхдүүдээ элгэндээ наан тэрхүү хүйтнийг тэсвэрлэн зогсоно. Есөн сартай бяцхан хүүг даарчих вий гэж ихэд санаа зовсноо нуух юун.

Эдгээр хүүхдүүдийг зогсоо зайгүй үзэж буй эмчээс ганц, хоёр зүйл тодруулах гэхэд нэлээд цааргалсан ч асуусан асуултад минь хариулт өгөв. “Сүүлийн үед ачаалал маш их нэмэгдсэн. Өдөрт ойролцоогоор 100 хүүхэд үзэж байна. Юм идэж уух ч зав алга. Үзүүлэхээр ирсэн хүүхдүүд ихэнхдээ хатгаатай байна. Маш их хүүхэд хатгаа авч ирсэн. Үнэхээр энэ ханиад, томуу чинь гамшгийн хэмжээнд хүрчихлээ. Хүндрээд ирсэн хүүхдэд антибиотик бичиж өгөхөөс аргагүйд хүрдэг” гэв.

Биднийг тэнд хэдхэн хором саатах зуур бага насны хүүхдээ дагуулсан эцэг, эхийн цуваа эмнэлгийн хаалганд чөлөө олгосонгүй. Бид дараа нь тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүд ямар нөхцөл байдалтай байгааг сурвалжлахаар зорив. Гэвч эмнэлгийн үүдээр ч шагайлгасангүй. Эмнэлгийн дарга М.Чимэгээтэй учраа хэлэн холбогдож, мэдээлэл авахыг хүсэхэд “Өндөржүүлсэн хорио тогтоосон учраас эмнэлэг рүү оруулахгүй байгаа. Би одоогоор ажил дээрээ алга. Хэдэн цагийн дараа надтай холбогдож мэдээлэл аваарай” гэж хэлсэн ч утсаа салгаад алга болов.

Ингээд Сүхбаатар дүүргийн хүүхдүүд хэрхэн эмчлүүлж байгааг сурвалжлах зорилго бүтэлгүйтэв. Биднийг хаалгаар нь шагайхад хэвтэн, эмчлүүлж байгаа хүүхдүүдийн тоо ихээр нэмэгдсэн нь анзаарагдаж байлаа. Цонхны цаанаас бяцхан хүүхдээ тэвэрсэн ээж, аавууд коридорт олноор зогсож харагдсан юм. Дашрамд дуулгахад, Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлгийн нөхцөл байдал маш муу, бохир заваан гэдгийг хэвтэн эмчлүүлж байсан, нэрээ хэлэхээс татгалзсан нэгэн ээж хэллээ.

Тэрбээр “Өнгөрсөн жил би хүүхэдтэйгээ энэ эмнэлгийн төлбөртэй өрөөнд хэвтэж байлаа. Төлбөртэй ч гэж дээ. Энгийн дөрвөн ортой өрөөг төлбөртэй болгочихсон. Төлбөргүй өрөөнүүд нь маш хавчигдмал. Ачаалал ихэссэн үед хүүхдүүд нь коридорт хэвтэх нь энүүхэнд. Тэгээд хөнгөн өвдсөн хүүхдүүдээ хүнд өвчтэй хүүхдүүдтэй нэг өрөөнд хэвтүүлдэг. Эмчилгээний зарим хэрэгслүүдийг өвчтөнөөс гаргуулдаг. Шинэ байранд орно гээд удаж байгаа. Одоо ч энэ нөхцөл байдал сайжраагүй” гэж ярьсан юм. Мэдээж энэ нөхцөл байдал сайжраагүй, асуудалтай учраас эмнэлгийн удирдлага нь бидэнд мэдээлэл егөхөөс татгалзсан биз ээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төв гэлтгүй Улаанбаатар хотын дүүргүүдийн эмнэлэг ихэнх нь ийм байдалтай байна. Эмнэлгүүдийн ор хэдийн дүүрч, нэмэгдэж ирэх өвчтөнүүдийг коридорт гудас, ширдэг дээр хэвтүүлсэн ч, хэвтэн эмчлүүлэхээс аргагүй өвчтөнүүдийн цуваа тасардаггүй байдалтай болоод хэдэн жилийг үджээ. Энэ жил ялгаагүй дүүргүүдийн эмнэлэгт дээрх байдал давтагдаж байгааг хэвлэлээр бичсээр байгаа юм.

Улсын хэмжээнд нийт хэвтүүлэн эмчлэх 22 мянган ор байдгаас 2,500 нь хүүхдийн ор гэнэ.

 
Хамгийн бага ачаалалтай УБТЗНЭ-ийн хүүхдийн тасаг гэхэд л пиг дүүрчээ. Ханиад, томуу, хатгаа, сүрьеэгээр өвдсөн хүүхдүүд дийлэнх хувийг нь эзэлж байгаа гэнэ. Тус эмнэлгийн 40 ор дүүрч, коридорт нь хэвтэж байгаа хүүхэд цөөнгүй байгаа юм байна. Арай хөнгөн өвдсөн хүүхдийг гурван хоног, хатгаа авсныг нь тав хонуулаад гаргаж байгаа аж. Эрүүл мэндийн сайд Н.Сарангэрэл “Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон олон улсын байгууллагууд бидэнд зөвлөмж өгсөн. 2019-2020 оны өвлийн улирлын ханиад томуу олон вирусээс үүсгэгдэх магадлал өндөр. Тиймээс урьдчилан сэргийлэх хэрэгтэй гэдгийг бидэнд зөвлөсөн” гэсэн юм.

Түүний хэлснээр энэ өвөл вирусийн халдвар улам цэцэглэх нь. Улсын хэмжээнд нийт хэвтүүлэн эмчлэх 22 мянган ор байдгаас 2,500 нь хүүхдийн ор гэнэ. Тэдгээрээс нийслэлийн хэмжээнд 977 хүүхдийн ор байгаа ч томуу, томуу тест өвчний ид дэгдэлтийн үед энэ нь хүрэлцдэггүй байна. Тиймээс энэ жил 850 ор нэмэлтээр гаргах ажлыг зохион байгуулан ажиллаж байна гэдгийг албаныхан дуулгав.

Уг нь Монгол Улсын хүн ам жилээс жилд өссөөр байгаа нь сайн хэрэг. Гэвч төр засаг нь бяцхан иргэдийнхээ төлөө дорвитой арга хэмжээ авч чадахгүй хэвээр байна. Намар нь цэцэрлэгт хүүхдээ өгөхийн тулд сугалаа сугална. Өвөл нь агаарын бохирдол, хүйтэнд дарлуулж, ханиад, томуу, хатгаа авсан хүүхдээр эмнэлгүүд нь дүүрнэ. Хавар нь олон төрлийн халдварт өвчинд нэрвэгдэнэ.

Энэ мэтчилэн Улаанбаатар хотын бяцхан иргэд олон жил төр засгийн хайрыг хүртэж чадсангүй гэж хэлэхэд буруутахгүй биз ээ. Юутай ч мэргэжлийн байгууллагууд “Эцэг эхчүүд олон нийтийн газарт хүүхдээ дагуулж явахгүй, дааруулахгүй байх, дархлааг нь дэмжиж амин дэмээр баялаг хоол хүнс хэрэглэх, гадуур гарахдаа амны хаалт зүүх зэрэг амьсгалын замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хэрэгтэй” гэдгийг зөвлөж байгаа юм.
ikon.mn

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

- 66.181.161.342018-12-05 09:40:59

Sarangerel bolson urudluu ug