БНАСАУ-ын эсрэг авсан банкны хоригийг цуцлуулахыг санаархаж байна гэж Оросыг зэмлэжээ

    Орос улс  БНАСАУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээний асуудлаарх хаалттай уулзалтаар  энэ хязгаарлалтын жагсаалтаас банкны гүйлгээг хасахыг санал болголоо гэж НҮБ-д суугаа АНУ-ын байнгын төлөөлөгч Никки Хейли мэдэгдсэнийг РИА Новости агентлаг уламжилжээ.

 

“Умард Солонгосын хүмүүнлэгийн байдал сэтгэл түгшээж байна гэж тэд (ОХУ) их ярьж ирснийг  та бүхэн мэдэж байгаа. Гэтэл эцсийн бүлэгт тэд банкны гүйлгээний хязгаарлалтыг цуцлуулахыг хүсч байгаа нь тодорхой болж байна” гэж тэр хэлжээ.

 

АНУ үүнийг зөвшөөрөхгүй гэж  Хейли  онцлон тэмдэглэсэн байна.

 

       Оросын тал Умард Солонгосын эсрэг хориг арга хэмжээний асуудлаар НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлд зөвлөлдөхийг  пүрэв гарагт хүссэнийг НҮБ-д суугаа байнгын төлөөлөгчийн газрын хэвлэлийн нарийн бичгийн дарга Федор Стржижовский түрүүнд нь мэдээлсэн юм.  Асуудлыг хаалттай хэлэлцэнэ гэж тэр хэлжээ.

 Тухайлбал, санхүүгийн хязгаарлалт, зэвсгийн хориг, пуужингийн түлш, хоёрдмол зориулалттай тоног төхөөрөмж, материал нийлүүлэхэд тавьсан хориг, түүнчилэн нүүрс, төмөр, тугалга, далайн бүтээгдэхүүн болон бусад барааны экспортыг хязгаарлах асуудлыг багтаасан хориг арга хэмжээний хамгийн хатуу горим одоо БНАСАУ-ын эсрэг  үйлчилж байгаа билээ.

С.Инда

Сэтгэгдэл бичих