ШҮҮХ ХУРАЛ: Амиа алдсан охины хэргийг хэлэлцэх шүүх хуралд шинжээч эмч оролцуулахаар шийдвэрлэлээ

НЭМЭЛТ: 17:30 ЦАГТ

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх яллагдагч Д.Жавхлан, М.Амарболд нарт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаан өндөрлөв. Тус хуралдаанаар яллагдагч нарын өмгөөлөгчөөс гаргасан хүсэлтийн зарим хэсгийг хангаж, яллагдагч Д.Жавхлан, М.Амарболд нарыг шүүхэд шилжүүлж, тэдэнд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг 2018 оны арваннэгдүгээр сарын 21-ний өдрийн 10.00 цагт хийхээр товлолоо. Тус шүүх хуралд шинжээчийн багийн ахлагчийг шүүх хуралд оролцуулахаар боллоо.

-ДҮҮТЭЙГЭЭ ХАМТ МӨӨМӨӨ БУЛААЦАЛДАЖ ИДДЭГ БАЙСАН ҮРИЙГ МИНЬ БИЕЭ ҮНЭЛЭГЧ ГЭЖ БАЙНА-

Өнөөдрийн урьдчилсан хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын өмгөөлөгч О.Цэрэнпунцаг нь Очир төвийг иргэний хариуцагчаар татах хүсэлт гаргасныг хэлэлцэж, өмгөөлөгчийн хүсэлтээр шийдвэрлэсэн юм. Мөн энэ сарын 21-ны өдөр болох шүүх хуралд нэмэлтээр гэмт хэрэгт ач холбогдол бүхий гэрчийг байлцуулах хэрэгтэй гэж үзжээ. Түүнчлэн өнөөдрийн шүүх хурлаар дараагийн хуралд Шүүх эмнэлгийн шинжилгээний хүрээлэнгийн ахлах шинжээчийг татан оролцуулахаар болсон юм. 
Талийгаач охины ар гэрийнхэн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх танхимын гадна хуралдааны шийдвэрийг анхааралтай хүлээж зогсож байлаа. Ар гэрийнхэн нь хаалга онгойх бүрд харж, шүүгдэгч нарыг гарч  ирэхийг хүлээж байна хэмээж байсан юм. Тэд хэлэхдээ: Миний охины баруун хөлийг нь хугалсан байсан. Гэсэн ч ямар ч шинжилгээгээр гарч ирээгүй. Бид нар охины гаргаж байхад хөлийг нь тэгшлэх гээд чадахгүй байсан. Дүүтэйгээ хамт ээжийнхээ мөөмийг булаацалдаж иддэг байсан бяцхан үрийг минь биеэ үнэлдэг байсан хэмээн ярьж байгаад гомдоод шар махтайгаа хатаж сууна хэмээн нулимс мэлтэлзүүлэн ярьж сууна. Гэхдээ Монголынхоо шүүхэд эцсээ хүртэл найдаж байгаагаа хэлж байв.

Талийгаач охины аав Г.Лхагвасүрэн: Өнөөдөр шүүх хурлаар эцэслэн шийдвэрлэх хурал болох ёстой байсан боловч хоёр гэмт хэрэгтний өмгөөлөгч урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх ёстой гэсэн хүсэлт гаргасны улмаас өнөөдөр хэлэлцүүлэг болж байна. Үүгээр бол О.Цэрэнпунцаг дараагийн шүүх хуралд насанд хүрээгүй гэрч болох Мягмарнаранг байлгах хэрэгтэй хэмээн хэлж байна. Тэр нь бол байцаалт өгөх журмын дагуу мэдүүлэг өгсөн хүүхэд. Мөн Амарболдын өмгөөлөгч нь таван шинжилгээний эмчээс бүрдсэн баг гарсан. Тэр багийн ахлагчийг байлгах хүсэлт гаргасан түүнийг нь шүүх хэлэлцээд оруулахаар болсон. Би бол оролцох хэрэггүй гэж бодож байна. Яагаад гэхээр эхний шинжилгээний хариу нь үзэгдэх шүд байхгүй гэсэн хэрнээ дараагийн хариундаа шүдтэй гээд гаргачихсан байх жишээтэй. Өнөөдрийн шүүх хуралд миний охиныг 100% буруутгаж орж  ирж байна. Миний охиныг ээжтэйгээ хамт биеэ үнэлдэг байсан гэж байна шүү дээ. Тэрийг нь ээж аавд нь сонсгоё гэж байна. Би үрээ мэдэлгүй яахав дээ. Дүүтэйгээ эхийнхээ мөөмийг булааж иддэг байсан хүүхэд. Юуны архичин, биеэ үнэлэгч байх вэ дээ. Шүүгдэгч нарын өмгөөлөгч нар манай үйлчлүүлэгч нарыг нотлох баримтгүйгээр гүтгээд байна гэсэн юм яриад байх юм. Мөрдөн байцаах ажиллагаа явуулсан болоод л шүүх болж байгаа биз дээ.

Хохирогч талын өмгөөлөгч Р.Булгамаа: Өнөөдрийн бага насны охин бусдын гарт амиа алдсан хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хурал боллоо. Шүүгдэгч нарын өмгөөлөгч нар хуралдааны үеэр хэлэхдээ: "Нотлох баримт байхгүй улмаас дамжин нотлох баримтаар яллах гэж байна" гэсэн асуудал хөндөж байна. Ингэхдээ хоёр гэмт хэрэгтний нэг нь гэм буруугүй мэтээр тактик хэрэглэж байна. Мөн дараагийн шүүх хуралд маш олон гэрчүүдийг байлгах хэрэгтэй гэж байна. Үүнд: Очир төвийн ажилтныг, насанд хүрээгүй гэрчийг, бас хэрэгтний найзыг нь гэх мэт. Дээрх гэрчүүд өмнө нь хавтаст хэрэгт бүгд мэдүүлэг өгчихсөн байгаа. Тэгэхээр дахиж шүүх хуралд оролцуулах шаардлагагүй гэж шүүх хурал үзэж байна. Тэгэхээр гол асуудал нь хохирогч 13 настай охиныг өөрөө гэм буруутай, өөрөө эрх зүйн байдал нь учир дутагдалтай байсан мэтээр л асуудлыг тавьж байна. Үүнд ар гэрийнхэн нь маш их гомдолтой байгаа.


-АМИА АЛДСАН 13 НАСТАЙ ОХИНЫ ХЭРГИЙН УРЬДЧИЛСАН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЖ БАЙНА-

Өнгөрсөн оны наймдугаар сарын 22-23-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 21-р хороонд байрлах “Очир төв” зочид буудалд 13 настай охин бусдын гарт харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарсан.

Уг хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж байна. Хурал даргалагчаар Н.Баасанбат, улсын яллагч О. Багшбаяр нар оролцож шүүх хурлаар талуудын хүсэлтийг эцэслэн шийдвэрлэж, анхан шатны шүүх хурлын товыг товлох юм.

Хохирогч талын хууль ёсны төлөөлөгчөөр талийгаач охины аав Г.Лхагвасүрэн, ѳмгѳѳлѳгчөөр Р.Булгамаа, Г.Батбаяр, шүүгдэгч талын ѳмгѳѳлѳгчѳѳр С.Оюунцэцэг, О.Цэрэнпунцаг нар оролцож байна. Шүүх хурлын танхимын гадна хохирогчийн ар гэрээс талийгаачийн эмээ С.Оюунцэцэг, ээж С.Баясгалан, ѳвѳѳ Ц.Тэрээдэй нар иржээ.

Сануулахад, гэмт этгээдүүдийг шүүх хурал өнгөрөгч зургадугаар сард Баянзүрх дүүргийн шүүхэд болж, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах шийдвэр гарсан юм. Тухайлбал, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2-д “Шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх” гэх үндэслэлээр Б.Жавхлан, М.Амарболд нарт холбогдох эрүүгийн хэргийг мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан юм. Урьдчилсан хэлэлцүүлгээс анхан шатны шүүх хурлын тов гарах юм.

У.УРАНЦЭЦЭГ

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ц.ЭНХТАЙВАН

hereg

hereg

hereg

Сэтгэгдэл бичих